Яг одоо МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим Тусгаар Тогтнолын ордонд хуралдаж эхэллээ. Энэ хурлаар шинэ байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар хэлэлцэж байна.
Хуралд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар болон МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын гишүүд болох нам, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан үе үеийн төлөөлөл оролцож байна.
Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа төрийн ажил цалгардаж буй энэ үед МАН олон жил төр барьсан туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд дээрх асуудалд ихээхэн анхаарал хандуулж буй юм. Энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд МАН Засагт хамтах уу, үгүй юу гэдэг асуудлаар шат шатандаа хэлэлцэж, ойрын өдрүүдэд санал бодлоо солилцох гэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонссон бол өнөөдөр олон жил төрд ажилласан туршлагатай хүмүүсийг хүлээн авч уулзан, саналыг нь сонсож байна.
МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим нь улс төрийн үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго, улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан аж. Энэхүү танхимд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар багтаж буй юм.