Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсон таван хөтөлбөрийг баталжээ.
Үүнд, шүүхийн шинэ менежмент хөтөлбөр, шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх хөтөлбөр, шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр, шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, шүүх ба олон нийт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.
Тухайлбал, шүүхийн шинэ менежмент хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргаа ямар байх вэ гэдгийг уг хөтөлбөр гол зорилгоо болгожээ. Уг хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.
Энэ хугацаанд шүүхийн захиргааны ухаалаг, цомхон тогтолцоо бүрдэхээс гадна, праграм хангамжийн нэгдсэн тогтолцоотой болох, хуулийн бусад байгууллагуудтай техник технологийн дэвшлүүдийг хамтран ашиглах нөөц бүрэлдэж, эрх зүйн нэгдсэн системд холбогдох боломж бүрдэх гэх мэт олон талын давуу тал бий болно гэж үзжээ.
Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үндсэн дээр шүүхийн цогц бодлоготой болж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийг зорьж буй юм.
Ц.Гэрэл