АН МАН-тай хамтрах сонирхолтой байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үндсэн гурван асуудал хэлэлцсэн байна. Эдгээр асуудлын дунд шинээр томилогдсон ерөнхий сайдын парламентад суудал бүхий нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн хамтран засгийн газар байгуулах санал багтаж байгаа юм. Улс төрийн нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажил өнөөдрөөс эхэлж байгааг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр улсын ажлыг цалгардуулахгүйн тулд намын эрх ашгийг хойш нь тавьж засаглалыг бэхжүүлэх, улс орны хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, гацаанаас гаргахын тулд улс төрийн ойлголцол, тогтвортой байдлыг хангаж ажиллахаар шулуудсан гэлээ. Хэрэв МАН засагт хамтрахгүй гэвэл АН яах вэ гэдэг талаар тодруулахад  “МАН нь засагт орохгүй гэх албан ёсны байр суурь одоогоор илэрхийлээгүй. Ямартаа ч улс орны эрх ашгийг нам хүчний эрх ашгийн эхэнд тавьсан энэ саналыг эрүүлээр авч үзнэ байх. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой” гэсэн үг хэлсэн байсан. Гэхдээ энэ нь засагт орохгүй гэсэн байр сууринаас зарчмын ялгаатай” гэв. Үүнээс харахад АН МАН-д ихээхэн итгэл хүлээлгэж байгаа бололтой. Ямар ч байсан АН-д МАН-ыг засагтаа оруулах сонирхол байгаа нь ийнхүү харагдаж байна. Одоогоор МАН-ын бүлгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж дээрх асуудлаар ярилцсан ч хараахан эцсийн шийдвэрийг гаргаж амжаагүй байна. Нам, нам дээрээ асуудлыг ярьж дараа нь “Шударга ёс” эвслийн бүлэг дээрээ нэгдсэн байр сууринд хүрэхээр шийджээ. Тиймээс маргааш тус эвслийн бүлэг хуралдаж магадгүй.

                                                                                                                                                                   Ц.Гэрэл
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.