Монголын шинэ үеийн улс төрийн удирдагч нарын лекц уулзалт болов

БНСУ-ын Данкүүк их сургуулийн дэргэд дэх олон улсын Монгол судлалын хүрээлэнгээс 9 дэх Монгол симпозиумыг “Монголын шинэ үеийн улстөрийн удирдагч нарын лекц уулзалт” сэдвээр зохион байгууллаа. Тус хүрээлэн нь дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд Монгол симпозиумыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн симпозиумын хүндэт зочноор МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга, доктор Т.Аюурсайхан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд гадаад харилцаа хариуцсан шадар туслах Э.Содонтогос нар уригдаж оролцсон байна. Т.Аюурсайхан "Монгол Улсын гадаад худалдааны онцлог", Э.Содонтогос "Монгол Улсын гадаад бодлого, ололт амжилтууд" сэдвээр тус тус лекц уншжээ. Энэхүү симпозиум нь хөндөж буй сэдвийн хүрээгээрээ нэлээд ач холбогдолтой болсон байна. Симпозиумыг Солонгосын тэргүүний Монгол судлаач  эрдэмтэн Ли Сөнг Гьюн, Солонгосын Монгол судлалын холбооны тэргүүн Ким Хунг Жинг нар нээж үг хэлжээ.

Данкүүк их сургуулийн Монгол судлалын тэнхимд 20 орчим магистр, докторант, 100 гаруй оюутан суралцаж, монгол эрдэмтэн, профессорууд болон монгол хэлтэй солонгос профессорууд ажилладаг байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.