Энэ сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллага “Баянгол дүүргийн III хороонд байрлах “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгаж зөрчил илрүүлсэн байна. Шалгалтаар Баянгол дүүрэгт оршин суух 38 настай А гэгч нь бусадтай нийлэн хуулиар хориглосон казино хэлбэрийн мөрийтэй тоглоом тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 243 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 243-т “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу казино хэлбэрийн зүйлийг тоглосон, зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох эсхүл 3-6 сар хүртэлх баривчлах ялаар шийтгэнэ” гэсэн байдаг. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм. Энэхүү хэрэгт УИХ-ын нэр нөлөө бүхий гишүүн холбогдсон гэх мэдээлэл гарсан. Гэхдээ энэ талаар Цагдаагийн байгууллага мэдээлэл өгөх эрхгүй гэлээ.
Ц.Жаргал
Сэтгэгдэл (1)