Оросын Холбооны Улс /ОХУ/-ын мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих холбооны албанаас "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалтыг манай улсад зохион байгуулж суралцагчид өчигдөр сертификатаа гардан авсан байна. Сургалтыг ОХУ-ын Мансууруулах бодисыг хянах холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтын II тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А.Зарубин, I тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей, Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн III тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкин нар мэргэжлийн сургалт явуулсан аж. Алба хаагчдад "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх аргачлал", "Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг залсан байна. Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагч нар оролцжээ.