Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн, өсвөрийн шигшээ багийн тамирчин, IX ангийн сурагч Г.Номунааг Энэтхэг улсын Амедабад хотноо зохион байгуулагдах Өсвөрийн софт теннисний хоёр дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар замын зардалд санхүүгийн дэмжлэг болгон мөнгөн тусламж үзүүлсэн байна. Г.Номунаа нь софт теннисний хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин аж. Тэрбээр гурван дүүтэй, айлын ууган охин бөгөөд түүний аав С.Ганболд хүүхэд, залуучуудын авьяасыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, дэмжсэнд дүүргийнхэндээ талархаад “Охин маань тэмцээндээ амжилттай оролцож, эргээд та нартаа баяртай мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.