Гараажийн бетонон дээвэр нурж хүний амь хохироожээ

Сүүлийн хэдэн жил барилгатай холбоотой аваар осол ихээр гарч хүний амь нас, эрүүл мэндийг хохироосоор байна. Ер нь барилгатай холбоотой осол манай улсад долоо хоног бүр гарч, 1-2 хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулдаг гэвэл хилсдэхгүй байх. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн IV хороонд гараажийн дээврийн бетон хавтан нурсны улмаас нэг хүн дарагдаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хохирогч Чингэлтэй дүүргийн Х хороонд оршин суух 28 настай эрэгтэй Н гэнэ. Хэргийн газрын анхан шатны дүгнэлтээр хохирогч Н-ийг гарааж буулгаж байхад нь дээврийн бетон хавтан нурсан хэмээн үзэж байгаа аж. Одоогийн байдлаар энэхүү хэргийг  тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Дашрамд дурдахад энэ сарын 12-нд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, КТМС-ийн зүүн талд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас “Ариун-Очир” компанийн туслах ажилчин О.Б унаж нас барсан. Мөн үеэр Увс аймагт нэг хүн барилгаас унаж хүнд бэртсэн нь бий.

                                                                                                                                                                                              М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.