Завхан аймгийн сумдын байгаль хамгаалагч 30 гаруй хүн Улаанбаатар хотод ирээд Улс төр, менежментийн академийн хөдөө, хотыг хосолсон “Байгаль орчны удирдлага” гурван сарын дамжааг дүүргээд өнөөдөр буцаж байгаа ажээ. Тэд буцахынхаа өмнө БОНХЯ-ны бодлого, хэрэгжилттэй танилцан, орон нутагт байгаль хамгаалахад учирч буй саад бэрхшээлээ удирдлагуудад дуулгасан юм. Орон нутагт тулгардаг нийтлэг бэрхшээл нь нэг байгаль хамгаалагчид ногддог хамгаалах талбайн хэмжээ хэтэрсэн байдаг гэнэ.
Уг нь журмаар тогтоосон норматив хэмжээнд тохирсон байгаль хамгаалагчтай байна гэвэл тус аймагт 63 хүн ажиллах учиртай аж. Гэтэл одоогоор 40 хамгаалагчтай байгаа нь аймгийн төсвийн төлөвлөлттэй холбоотой юм байна. Түүнчлэн тэдний ажлын хувцас, бороохой, хийн буу, мотоцикль гээд багаж хэрэгсэл дутуу дулимаг байдаг юм байна. Байгаль орчны ерөнхий хуулиар орон нутгийн засаг захиргааны удирдлага маш сайн төлөвлөн, байгаль хамгаалагчдийн орон тоо, ажлын хувцас, тонтог төхөөрөмжийг Орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргах учиртай. Гэтэл төсвийн хүндрэл нэрээр эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй орхих нь байгаль хамгаалагчдад ажлаа хийхэд нь саад болж байгаа аж. Нөгөө талаар энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Засгийн газраас баталсан “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих төлбөрийг төлөвлөх, зарцуулах журам”-ын дагуу сум, аймгийн Засаг дарга нар орлогоо бүрдүүлэн, тодорхой хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах эрхтэй болсон. Тухайлбал, байгалийн нөөц ашигласны 30, ан амьтны нөөц ашигласны 50, ус, рашааны нөөц ашигласны 55, ТХГН-т газар ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагтаа эргүүлэн авах юм. Эндээс байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах орлогыг бүрдүүлэх боломж бий. Энэ мэт олон асуудлыг Завханы байгаль хамгаалагчид ярьж байлаа. Уулзалтын үеэр БОНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, ахлах мэргэжилтэн Б.Доржготов нар байгаль хамгаалагчид, сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг ирэх онд хийх тухай дуулгасан юм.