“Нийгмийн түншлэл” баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган боллоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дүүргийн салбар холбоо хамтран Нийгмийн түншлэл-баялаг бүтээгчдийн анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Хөдөлмөрийн яам, Хүн ам хөгжлийн яамны төлөөлөл, дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албад, хороодын төлөөлөл, мөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 280 аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд оролцлоо. Энэхүү чуулганаар Нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцсэн юм. Түүнчлэн Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, үр дүн, иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх талаар төрийн байгууллагуудаас хийсэн хамтын ажиллагааны үр дүн, Татвар, Нийгмийн даатгалын ажил олгогчдын дэмжсэн арга хэмжээ зэрэг илтгэл мэдээллүүдийг хэлэлцүүлж, оролцогчдын санаа бодлыг сонслоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, дүүргийн АОЭНХ-ны тэргүүн Д.Энхтуяа, Үйлдвэрчний холбооны дарга Н.Балжинням нар санамж бичигт гарын үсэг зурж, нийт ажил олгогчдод хандан зөвлөмж гаргасан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.