УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс асуулт асууж, хариулт авч байна. Чухам хэн, юу асуусныг онцолж сонирхуулъя.
Ц.Даваасүрэн: Эдийн засаг, улстөрийн хямрал хосолсон нөхцөл байдал үүсчихлээ. 1990-ээд оны үйл явдал давтагдах нь уу гэж харагдаад байна. Өнөөдөр улстөрийн хувьд дархлаа суларсан байж магадгүй. АН-д улстөрийн хатуу сорилыг давж чадахгүй байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд улстөрийн төлөвшил АН тогтоогүй байна гэж харагдаад байгаа. Энэ нөхцөл байдалд улстөрийг хэрхэн төсөөлж, яаж ажиллана гэж бодож байгаа юм. Би эдийн засагт нэлээд бэлтгэгдсэн хүн Ерөнхий сайд байх ёстой гэж боддог. Энэ сул талаа яаж нөхөх юм. Багаа яаж бүрдүүлэх юм. Мэргэжлийн, давхар дээлгүй хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж ажиллах боломж танд байна уу.
Ч.Сайханбилэг: Эдийн засаг, улстөрийн хямрал болж магадгүй гэдэгтэй санал нэг байна. Үүнийг цааш нь даамжруулахгүйн тулд бүтээлч байдал, үр дүнтэй ажлаараа хариулт өгнө. Би сайн менежер ажлыг нугалдаг гэж боддог. Би хуульч хүний хувьд сайн менежер байж, Засгийн газрыг үр дүнтэй ажиллуулж чадах болов уу гэж бодож байна.
Г.Уянга: Өмнөх Засгийн газар нүүрээ угаагаад, хувцасаа солиод ороод ирж байна. Тиймээс дэмжихгүй. Танай найз С.Баярцогт таныг Ерөнхий сайд болгох гэж их гүйсэн. Та хоёрыг нийлээд Оюутолгойн хувийг зарах гэж байгаа юм биш биз дээ гэх хардлага төрж байна. Би үнэндээ айж байна. Тиймээс таны төлөө кноп дарж чадахгүй. Та аль хэдийнэ ялагдаж томилогдлоо. Олонхи таныг дэмжихгүй байна.
Ч.Сайханбилэг: АН-д хамт зүтгэж байгаа 35 гишүүдээ би өөрийн найз гэж хардаг. Тэд бүгд Ерөнхий сайдын төлөө зүтгэж байгаа гэж харж байна. Оюутолгой, тавантолгойн төслийг шийдэж байж эдийн засгийн хүндрэл арилна. Энэ хоёр том төслийг шийдэхээс өөр арга байхгүй. Харин хэзээ, хаана гэдгийг УИХ- тай зөвшилцсөнийхөө дараа шийднэ. Та ялалт, ялагдлын талаар их ярьж байна. Би хийх гэж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн, хийж байгаа ажлаараа ялна гэдэгт итгэлтэй байна.
М.Батчимэг: Монгол улс сонгодог парламентын засаглалтай орны жишгээр Ерөнхий сайд нь танхимаа мэдэж бүрдүүлдэг болох шаардлага байна. Ийм өөрчлөлтийг Үндсэн хуульд хийхийг та дэмжих үү. Миний хувьд өмнөх Засгийн газарт урам хугарсан. Зарим талаараа итгэл алдарч байсан зүйл бол гадаад харилцаа. Монгол улс төрийн нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой. Гадаад харилцаанд фракциуд, Засгийн газрын дотоод зөрчил зарим талаараа бидний ёс зүйгүй байдал нөлөөлсөн. Хэрвээ та Засгийн газрын тэргүүнээр томилогдвол төрийн нэгдмэл байдлыг сахиулах тал дээр тууштай байж чадах уу. Та улс оронд эдийн засаг, улстөрийн амаргүй нөхцөл байдал үүссэн үед Ерөнхий сайд болохоор яригдаж байна. Маш их ачаа, маш их хүлээлт байгаа. Хоёр хоногийн өмнө “Хэрэв миний явуулж байгаа бодлого үйл ажиллагаа үр дүнгээ өгөхгүй бол би саналаараа огцорно” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэл хийж байхыг би сонссон. Та ийм улстөрийн соёлыг зөв зүйтэй гэж боддог уу. Хэрвээ таны хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй бол Та ийм алхам хийх үү.
Ч.Сайханбилэг: Ер нь эхний асуудлын хүрээнд “Үндсэн хуулийг улам сайжруулъя, парламентат ёсыг сонгодог утгаар төлөвшүүлье” гэдэг таны санаачлагыг улстөрчийн хувьд бүрэн дэмжиж ажиллана. Гадаад бодлогын төрөөс баримтлах үзэл баримтлалаа гаргасан. Гадаад харилцаа болон бусад бүх харилцаан дээр танхимын зарчмыг баримталж ажиллана. Ерөнхий сайд саналаараа огцорч парламентаа тараадаг энэ тогтолцоо уруу явах ёстой.
Чуулганы хуралдаан үргэлжилж гишүүд үг хэлж байна.
Ц.Гэрэл
Сэтгэгдэл (3)