МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД З.ЭНХБОЛД УИХ-ЫН ДАРГА Г.БАТХҮҮ

                                    Улс төрийн ирээдүйн зураглал...

УИХ-д олонхийн суудал авсан АН дотроо учираа ололцохгүй байна. Гэхдээ Н.Алтанхуягаар удирдуулсан "Алтангадас" фракцийг төрийн бүхий л эрх мэдлээс салгах тохиролцоонд Шонхор, МҮДН, МоАХ, Кроун, Чандмань фракцууд санал нэгджээ. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг намын ҮЗХ олонхийн саналаар дэмжсэн ч түүнийг улстөрийн хүрээнд дэмжихгүй байх чиглэлд фракцууд ярилцсан бололтой. Н.Алтанхуягийн засгийн газрын гал тогоог удирдаж байсан Ч.Сайханбилэг нь хувь улстөрчийн хувьд намынхаа лидерүүдийн эхний эгнээнд гарах цаг болоогүй гэдгийг өнгөрч буй үйл явдлууд батлан харуулсан гэхэд болно. МАН-ын бүлэг нэгдсэн шийдвэрээр дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Шударга ёс эвсэл ч байр сууриа 100% нэгтгэж чадаагүй нь үүний өчүүхэн жишээ. Тиймээс түүний асуудал УИХ-д орж ирээд л унах нь тодорхой байна. Одоо шинэ улстөрийн зураглал юу вэ?

- З.Энхболд 2014 оны 12-р сарын 8-нд Ардчилсан намын их хурлыг хуралдуулах чиглэлийг өгсөн. Энэ хурлаас өмнө намын ҮЗХ хуралдах магадлал өндөр байна. Учир нь Ч.Сайханбилэг олонхийн дэмжлэгийг авч чадахгүй тул түүний оронд нэр дэвшигчийг нам сонгох учиртай. Улмаар намын даргын үүргийг хүлээн авсан З.Энхболд гүйцэтгэх засаглалыг удирдах ажлыг давхар авах нь тодорхой болж ирлээ. 

- З.Энхболд шинэ Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг дангаар өгнө гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн. Энэ бол ирэх засгийн газрын гишүүдийг мэргэжлийн засгийн газар буюу УИХ-аас гадуур байгуулагдана гэдгийг баталж байна. Мөн ёс зүйн асуудалтай нөхдүүд түүний танхимд багтахгүй, намын дарга нар орохгүй гэсэн үг. Олон нийтийн дунд унасан нэр хүндийг өсгөх арга зам нь энэ юм. 

- УИХ-ын дарга хэмээх албан тушаал хэний гарт очих вэ? Удтал зөвшилцсөний эцэст Алтангадас, Шонхор, Чандмань фракцуудыг нэгтгэж буй Г.Батхүү дээр санал нэгджээ. Өвөрхангайн маргаан гэдэг асуудлыг хөнддөг ч МАН дотор түүнийг дэмждэг бүлэглэл бий гэдэг нь нууц биш. 2012 оны УИХ-ын сонгуульд хэл амгүй ялаад гарсан бол УИХ-ын даргын суудалд очих нь тодорхой болоод байсан АН-ын гол санхүүжүүлэгч, намын аппаратыг орон нутагт ажиллахад хамгийн том дэмжлэг үзүүлдэг түүнд саад үгүй. 

- З.Энхболд намын дарга болсноор АН-ын хэрэг эрхлэх газарт бүтцийн томоохон өөрчлөлт орно гэдэг нь тодорхой болж эхэлсэн. 2012-2014 оны хугацаанд АН-ын нарийн бичгийн дарга нар туйлын хангалтгүй ажиллаж намын анхан шат, иргэдийн холбоосыг тасдсан гэхэд болно. Өнөөдөр олон нийт дунд АН-ын нэр хүнд унахад энэхүү нэгжид чиглэсэн арга хэмжээ орхигдсон явдал нэрмээс болсон. З.Энхболд намын шинэ үеийг бэлдэхдээ анхаарч ажиллана гэдэг нь тодорхой юм. 

- З.Энхболд Р.Амаржаргалыг Сангийн сайд, М.Энхсайханыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллуулан бүхэлдээ зогсчихоод буй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ гэдгээ хэд хэдэн үйлдлээрээ баталсан. Х.Баттулга ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож буй тул 2016 онд АН олонхи болохын тулд эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах нь зөв гэдэгт санал нэгдсэн. Харин Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав очсоноор Х.Тэмүүжингийн шинэчлэл бүхэлдээ зогсох магадлал өндөр байна. Харин Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад дэд сайд Ц.Ганхуягийг дэвшүүлэн БНХАУ, ОХУ, Монгол 3-н улсын хэлэлцээрийг эрчимжүүлэх нь ойлгомжтой болж эхэлжээ. Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн хамгаалалт дунд Гадаад харилцааны яамны өрөмийг хүртэх сонирхол байсан ч АН дотор байгаа эрхмүүд хэн ажлыг гардан гүйцэтгэснийг санах ёстой гэж сануулсан бололтой. 

- Цөмийн энергийн газар, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбоо технологийн газрыг татан буулгана гэдгээ З.Энхболд мэдэгдсэн явдал Н.Алтанхуягийн ойрын хүмүүст төрд ажиллах хугацаа дууссан гэдгийг сануулсан үйл явдал гэж улстөрийн ажиглагчид үзэж эхэлсэн. Увс нутгийн хүү Н.Тэгшбаяр, АН-ын нарийн бичгийн даргаас агентлаг толгойлох болсон Ц.Жадамбаа нар бол экс Ерөнхий сайдын ойрын хүрээлэл гэдгийг бид мэднэ. Харилцаа холбооны зохицуулах хороо, Ашигт малтмалын газрын удирдлагад Шонхорынхон очсон бол эдгээр агентлагийг түүнд нийлүүлэх юм. 

- АН дотооддоо хуваагдана. Гэхдээ үйл явц МАН МАХН болсон шиг үргэлжлэхгүй бололтой. Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын лидер улстөрчдийг хөөн зайлуулах биш харин хариуцлага хүлээлгэн 2016 он хүртэл аядуу байлгахад л чиглэгдэнэ. АН дотоод ардчиллаа нээлттэй байлгаж чаддаг тул энэ зэргийн зөрчлийг даван гарах ухаан 1990 оны хувьсгал хийгчдэд бий юм. 

ТОВЧХОНДОО БОЛ:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД З.ЭНХБОЛД
УИХ-ЫН ДАРГА Г.БАТХҮҮ

Жич: Ц.Элбэгдорж ч Алтангадас цаг болсон гэдгийг УИХ-ын танхимд харуулж өөрчлөлтийг эхлүүлэхийг дэмжжээ.

                                            http://www.garag.mn/    Сэтгүүлч Н.Урантогтох

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.