Олон улсын ардчилсан холбооны гишүүн намуудын төлөөлөл уулзаж байна

Олон улсын ардчилсан холбооны гишүүн намуудын удирдлагуудын уулзалт БНСУ-ын Сөүл хотод өнөөдөр эхэллээ. Уг уулзалт нь гурван жил тутам зохион байгуулагддаг. Манай улсаас АН-ыг төлөөлөн энэ удаагийн хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, намын гадаад харилцааны зөвлөх А.Батпүрэв нар оролцож байгаа аж.

 Хурлын эхний өдөр буюу өнөөдөр Ази, номхон далайн бүсийн ардчилсан холбооны уулзалт болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдыг тус бүсийн Ардчилсан холбооны дэд даргаар санал нэгтэй сонгосон байна. Мөн уулзалтын үеэр бүсийн хэжээнд ирэх онд зохион байгуулах гол ажлуудаа төлөвлөсний дотор Монгол улс болон зүүн европын орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо олон улсын ардчилсан намуудын өндөр түвшний уулзалтыг зохион байгуулах Монголын төлөөгчдийн санал дэмжлэг авчээ.

 Баруун, төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын энэхүү холбоонд АНУ-ын Бүгд найрамдах нам,  Британи, Канад, Норвегийн Консерватив нам, Германы Христийн ардчилсан нам, Австрали, Шинэ Зеландын Либерал нам, Солонгосын Сэнүри нам зэрэг нөлөө бүхий том намууд багтдагийн дотор Монгол улсаас АН гишүүнээр элссэн байдаг байна.

                                                                                                                      Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.