Уур амьсгалын өөрчлөлтөөс учруулах хор хөнөөл улам нэмэгдэх хандлагатай байна

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” сэдэвт дасан зохицох V бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн албаны дарга Д.Дагвадорж “Уур амьсгалын өөрчлөлтөөс учруулах хор хөнөөл улам нэмэгдэх хандлагатай байна” гэж хэлсэн юм. Түүний мэдээлснээр Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн үнэлгээний нэгдүгээр илтгэл дэх үзүүлэлтүүд хоёрдугаар илтгэлээр баталгаажиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл улам таагүй болж, учруулж буй хор хөнөөл нь нэмэгдэх хандлагатай байгааг тодорхой харууллаа. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” илтгэлийг анх БОНХЯ-ны санаачлагаар 2009 онд зохион байгуулж байжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар нарийвчлан судлах, судалгааны дүнг олон нийтэд хүргэх, бодлого арга хэмжээний төлөвлөлтөд тусгах зорилгоор гаргасан анхны илтгэл таван жилийн дараа дахин шинэчлэгдсэн байна. БОНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачлагаар “Бишрэлт-Плаза” зочид буудлын хурлын танхимд болж буй Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний шинэчилсэн илтгэлд туссан судалгааны гол үр дүнг танилцуулж, хариу арга хэмжээний талаар хэлэлцэн, салбар хоорондын хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа аж. Санал солилцогсдын бүрэлдэхүүн нь яамны болон төсөл, хөтөлбөрийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд байгаа юм байна. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний хоёрдугаар илтгэл нь манай оронд одоо ажиглагдаж байгаа болон ирээдүйд бий болох уур амьсгалын өөрчлөлт, түүний улс орны эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх асуудлыг шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд тулгуурлажээ. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны V тайлан илтгэлийн дүгнэлтүүдэд үндэслэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн судлаач, багш оюутнууд, олон нийтийн хэрэгцээнд зориулан гаргасан байна. Бага хуралд БОНХ-ийн Сайд С.Оюун, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны II Нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Т.Матийсэн нарын албаны хүмүүс үг хэллээ. Тухайлбал, С.Оюун “Хоёрдугаар илтгэл нь Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг” гэдгийг тэмдэглэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Нью Йорк хотноо болсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэх, мөн салбар хуралдааныг даргалахдаа энэхүү илтгэл дэх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээлэл, дүгнэлтийг иш үндэс болгон мэдээлснийг олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнууд ихээхэн сонирхож хүлээн авсан” хэмээн онцолсон юм. Энэхүү хурал маргааш үргэлжлэх бөгөөд “Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох боломжууд” сэдвээр ярилцах юм байна.

                                                                                                                                                                                М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.