Хөрөнгө оруулагчдыг хүнд суртал үргээж байна

Хонконгт Монголын хөрөнгө  оруулалтын чуулга уулзалт  болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг уулзалт жил бүр зохиогддог бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн  хөрөнгө оруулагчид цөөнгүй оролцдог юм. Эндээс Монголын тухай мэдээллийг хөрөнгө оруулахаар сонирхож буй дэлхийн хэмжээний бизнесмэнүүдэд өгдөгөөрөө онцлог. Тэгвэл уулзалтаар Монголын макро эдийн засаг, санхүүгийн сектор, хөрөнгө оруулалтын орчны төлөв байдалд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийг идэвхжүүлэх арга замуудыг олон талаас нь хэлэлцсэн байна. Хөрөнгө оруулагчдаас тавьж буй гол шаардлага нь Монголд үүссэн хүнд сурталыг багасгах гэдгийг онцолжээ.

Монголд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхэд хүнд байдаг гэдгийг хөрөнгө оруулагчид хөндсөн байна. Тухайбал, үйл ажиллагаагаа явуулахын тулд зөвшөөрөл авах гэж наад зах нь бүтэн улирал цаашлаад хагас жилийг зарцуулдаг хэмээн шүүмжилжээ.

Эдийн засгийн идэвхжил буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт  нь ДНБ-ий 8 хувьтай тэнцэж, төсвийн алдагдал  нь 700 тэрбумаар хэмжигдэж буй Монголд  хөрөнгө оруулалт маш чухал.  Ялангуяа Хятад, Орос гэх хоёр хөршийн удирдагчид Монголд цөөхөн хоногийн зайтай айлчилсан нь Ази, Номхон далайн бүс орнуудын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан бололтой. Уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэрээг урд хөрштэй байгуулснаараа энэ жилийн хөрөнгө оруулагчдыг урин залах гол уриалга нь болжээ.  

Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд  бодлогын залгамж байдаггүй гэсэн шүүмжлэл тавьсаар ирсэн. Энэ удаад ч гэсэн тэдэнд багагүй болгоомжлол байгаа аж. 

                                                                                                                             Ц.Гэрэл

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.