“Багануур дүүргийг нийслэлийн өрсөлдөх чадвартай дагуул хот болгоно” гэв

Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгох талаар саяхан нийслэлийн удирдлагууд тус дүүргийн иргэдтэй очин уулзалт зохион байгуулж, шинэ хотын төслийг танилцуулсан билээ. Тэгвэл мөн Улаанбаатар хотоос 135 км-ын зайд орших Багануур дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор нийслэлийн ЗДТГ-аас Хотын үндсэн дүрэмийн төслийг  боловсруулж,  дүрмийг иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж батлуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг Багануур дүүрэгт зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд төслийг иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг нь сонссон байна. хотын дарга Э.Бат-Үүл “Багануурчууд Та бүхэнд маш их боломж байна. Багануур дүүрэг бие даасан хот болон хөгжихийн тулд эхлээд үндсэн дүрэмтэй болох ёстой. Үндсэн дүрэм гэдэг бол үндсэн хууль гэсэн үг юм. Өнөөдөр тус дүүрэг  улсад 4.1 тэрбум, нийслэлд 5.4 тэрбум төгрөгийн татвар төлж, дүүрэг өөрөө 0.8 тэрбум төгрөгийн татварын орлогоо авч байна. Үүний шалтгаан нь бие даасан хот биш болохоор тэр шүү дээ. Хэрвээ бие даасан хот болчихвол улс, нийслэлд төлж байгаа тэр их татвараа өөртөө авч бүх талаараа хөгжих бүрэн боломжтой болж, иргэд хотын даргаар ямар ч намын харьяалалгүй хүнийг  дундаасаа сонгодог болно. Энэ ч үүднээс иргэдийн дундаас сонгогдсон хүн иргэддээ л үйлчилнэ гэсэн зарчимтайгаар ажлаа гүйцэтгэх учир Та бүхний төлөө гэсэн жинхэнэ удирдагчтай болох юм. Ийм учраас Багануур хотын үндсэн дүрмийг баталж, бие даасан хот болгохыг зорьж байна. Удахгүй энэ бүхэн биелэлээ олж, Багануур дүүрэг нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн өрсөлдөх чадвартай хот болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Дүүргийн ИТХ-аас 2006 онд Багануур дүүргийг бие даасан хот болгон өөрчлөхийг дэмжих эсэх талаар санал асуухад иргэдийн 95.8 хувь нь дэмжиж байжээ. Энэ удаад ч мөн иргэдийн олонхи нь дэмжиж буйгаа илэрхийлж, санал бодлоо дэвшүүлжээ. Тухайлбал, хотын даргын ажиллах хугацааг зургаан жил болгож, Аж үйлдвэрийн паркт химийн хортой төмрийн үйлдвэрүүдийг барихгүй байх, тус дүүргийн харьяалалгүй иргэнд газар олгохгүй байх,  дүүргийнхээ хаягжилтыг монгол хэлээр бичих гэх зэрэг хотын дүрмийн төсөлд иргэд олон саналыг хэлж, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн дүрэмтэй болох гэж байгаад талархсан юм. Багануур дүүргийг Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд  5982 га нутаг дэвсгэртэй, 60 орчим мянган хүн амтай, уул уурхай, эрчим хүч, хими технологи, барилгын материалын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий хот болгохоор тусгасан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.