Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах хэлэлцүүлэг боллоо. Ирэх онд нийслэлийн төсөвт 575 тэрбум 678.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 42.6 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар, 2013 оны гүйцэтгэлээс 101.6 тэрбум төгрөгөөр буюу 65.8 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Үүнээс хотын шуудын орлогын төлөвлөгөө 457.1 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө 118.6 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Орлогын 82.4 хувийг нийслэлийн Татварын газар, 11.8 хувийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, 5.8 хувийг бусад орлого бүрдүүлэгч байгууллагууд бүрдүүлнэ гэж үзсэн байна. Нийслэлийн ирэх оны орон нутгийн хөгжлийн санд 38.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс 80 орчим хувийг буюу 23.2 тэрбум төгрөгийг нийслэлийн есөн дүүрэгт, нийслэлд 15.4 тэрбум төгрөгийг тусгасан аж. Ингэхдээ ирэх оны төсөвт дараах үндсэн өөрчлөлтийг оруулсан байна.
- Оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчуулах зардал 53.1 тэрбум төгрөг.
- Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 38.6 тэрбум төгрөг.
- Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилт 283.1 тэрбум төгрөг.
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 20.8 тэрбум төгрөг.
Өмнө нь улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан тээврийн хэрэгслийн зардал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын дээрх санхүүжилтийг УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу ирэх жилээс нийслэл хариуцахаар болж байгаа аж. Харин нийслэлийн төсвийн урсгал зардлыг боловсруулахдаа Засгийн газрын энэ оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, НИТХ-ын “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг батлах тухай 18/21 дугаар тогтоолын хүрээнд урсгал зардлыг бууруулсан байна. Тухайлбал, энэ оныхоос бичиг хэргийн зардлыг 261.2 , тээвэр шатахууны зардлыг 282.8, дотоод албан томилолтын зардлыг 117, гадаад албан томилолтын зардлыг 1360.1, эд хогшил худалдан авах зардлыг 3013.3, урсгал засвар 1864.6 сая төгрөг гэх зэргээр нийт 57.09 тэрбум төгрөгийг бууруулж тооцоохоор төлөвлөжээ. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалин, холбох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцсон аж. Ажлын чиг үүргийн давхардалттай нийслэлийн Агаарын чанарын албыг БОНХГ-тай нэгтгэх, СТӨ-г Улаанбаатар чуулгатай нэгтгэж орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөх, БОНХГ-ын Зуслангийн товчоог Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр боловсруулалт хийгээд байгаа юм байна. Харин зарим төсөлд өнгөрсөн жилээс тодорхой хэмжээгээр буюу нийслэлийн халамжийн санг 1.18 тэрбум, хот тохижуулалтын зардлыг 3.5 тэрбум төгрөгөөр нэмжээ. Ингэхдээ хот тохижуулах чиглэлээр гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны төлбөр, засварт 890.6 саяар нэмж 5.8 тэрбум, хог хаягдал тээвэрлэлтэд 1.02 тэрбумаар нэмж 24.8 тэрбум, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 190.9 сая төгрөгөөр нэмж 14.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Нийслэлийн дүүргүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах байдлаар хуваарилахаар тооцоод байгаа аж. /тэрбум төгрөг/
Хотын шууд-15.4
Баянгол дүүрэг-3.1
Баянзүрх дүүрэг-4.1
Багануур дүүрэг-1.9
Багахангай дүүрэг 1.6
Налайх дүүрэг 1.9
Сонгинохайрхан дүүрэг- 3.9
Сүхбаатар дүүрэг- 2.1
Хан-Уул дүүрэг- 2.1
Чингэлтэй дүүрэг- 2.5
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, төсвийн төсөлд санал авах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд хуулийн хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанд өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.
М.Өлзий
Сэтгэгдэл (1)