УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/ өнөөдөр хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Гэр бүлийн тухай хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй зайлшгүй уялдуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Гэр бүл салсны дараа хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөгддөггүй тохиолдол маш их байна. Тэтгэмжийн мөнгө гэр бүл салсны дараах хүнд цаг үед л хүүхдүүдэд хэрэг болдог. Харин олон жилийн дараа бөөнөөр нөхөн төлүүлэх нь оновчтой биш. Тэтгэмжийн мөнгийг төлүүлэх процесс маш удаан хугацаа шаарддаг. Гэр бүл салсны дараа амьдралд тулгарч буй зовлон бэрхшээлийн талаар олон ээж ярьдаг. Иймд хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцгийн өмнөөс тухайн гэр бүлийн хүүхдэд тэтгэмж олгох сан бий болгох хэрэгтэй. Энэ жишиг бусад улс оронд байдаг” гэв. Мөн хуулийн төсөлд шинэ нэр томьёо нэлээдгүй оруулж ирснийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ онцолж, хамтран амьдрах гэсэн зүйл, заалтыг заавал хуульчлах шаардлага байгаа эсэхийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. Хуралдаанаар хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахад гишүүд санал нэгдлээ. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжлээ. Үүний дараа Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Үүнд 2004 оноос хойших хүн ам зүйн өөрчлөлтийг энэ бодлогын гол зорилго болгож, уг өөрчлөлтийг тойрсон хүн амын асуудлыг цогц байдлаар олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын олон улсуудтай хийсэн гэрээ хэлэлцээр, МХЗ-ууд, ХАХОУБХ-ын ҮАХ зэрэг нь энэхүү бодлогын ерөнхий хүрээг тодорхойлж өгч байгаа ба үндэсний эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл зан заншилтай холбоотой олон тулгамдсан асуудал энэхүү бодлогын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтын илэрхийлж өгч буй. Бодлого нь хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг чиглүүлж буй хэд хэдэн зарчмуудад тулгуурлаж байна. Эдгээр зарчмууд нь уг бодлогын үйл ажиллагаа, үр дүнгийн хэрэгжилтийн хүрээг тодорхойлж, арга замыг ч зааж өгч байгаа юм. 2004 оны хүн амын бодлогоор дэвшүүлж байсан ч шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд энэхүү шинэ бодлогод тусгагдсан тул дээрх оны бодлогын зарим зорилго, зорилтуудын агуулга шинэ бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтуудын агуулгатай давхцаж байгаа аж. Бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхийг зорьсон байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Хүн хөгжих орчин бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл энэ талаар төр, засгаас тодорхой хийж гүйцэтгэх ажил үгүйлэгдэж байна. Өнөөдөр хүн хөгжих нь байтугай төрөөс үйлчилгээ авах асуудал хүнд байгаа” гээд хүн хөгжих орчин гэдгийг юу гэж ойлгох талаар тодотгосон юм. Харин “Монгол хүний хөгжлийн асуудлыг сүүлийн 20 гаруй жил орхигдуулж ирсэн. Энэ бол маш том алдаа байсан гэж харж байгаа. Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг баталснаар эрх зүйн тодорхой шинэчлэлүүдийг хийх шаардлага гарна. Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд өргөн баригдаад байна. Өнөөдөр эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа хүн амын хөгжлийн цоо шинэ эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байна” гэсэн тайлбарыг салбарын сайд өглөө. Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Төрөөс хүн амын талаар баримтлах цогц бодлогын хүрэх үр дүнг илүү тодорхой болгох хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан бодлогын гол зорилго нь хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх асуудал гэдгийг чухалчилж, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэй гэв. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 92.2 хувийн саналаар дэмжлээ. Мөн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 58.3 хувийн саналаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
М.Бат
Сэтгэгдэл (2)