Монгол Улсын шинэ буюу 28 дахь Ерөнхий сайдыг томилох асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа. Гэвч АН-ын ҮЗХ-ноос Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авч УИХ дахь бүлгийнхээ 35 гишүүнээс дөнгөж 19 хүний санал авсан Ч.Сайханбилэг сонгогдох эсэх нь бүрхэг байна. Тухайлбал, МАН-ын бүлэг өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шинээр томилогдох Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийн асуудлаар АН-аас ирүүлсэн зөвшилцөх саналд МАН-ын бүлэг хариу өгөхдөө дэмжих боломжгүй гэжээ. Үнэндээ Ч.Сайханбилэгийг Н.Алтанхуягийн баруун гар гэдгийг олон улстөрч хэлж байгаа юм. Хэрэв энэ нь үнэн байгаад Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар соногдвол Засгийн газрыг огцруулсаны ашиг гарахгүй. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн бодлого, шийдвэр үргэлжлээд л хэрэгжинэ гэсэн үг. Нөгөө талаар улс орны эдийн засгийг өнөөгийн хүнд байдалд ороход ЗГХЭГ-ын дарга байсан хүний хувьд түүний оролцоо багагүй бий. Тийм учраас мөн хариуцлага хүлээлцэх ёстой гэдгийг МАН-ын бүлгээс үзэж байгаа аж. Харин хүндрэлтэй байдлаас гаргаж чадах хүнийг л АН нэр дэвшүүлбэл дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн АН-аас Засгийн газарт хамтрах санал, хүсэлт МАН-д ирүүлээгүй гэж байлаа. Тэд “МАН-ын Удирдах зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гарсан учраас бүлгийн гишүүд хоёр хуваагдаагүй, хамтын шийдвэрээр түүнийг дэмжихгүй гэдэг байр суурьт нэгдсэн. Зарим хэвлэлээр гарсан шиг хоёр талцсан зүйл болоогүй” гэсэн юм. Ийнхүү Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

М.Болд
Сэтгэгдэл (1)