Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын энэ оны тооллогыг ирэх дугаар сарын 7-17-ны хооронд явуулахаар болжээ. Тооллогыг нийслэлд удирдан зохион байгуулах комисс байгуулагдаж, комиссын даргаар нь нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллахаар болсон байна. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилтны сургалт, тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтад зарцуулах 10 сая 374 мянга 500 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Харин дүүргийн нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулж, тооллогод шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж явцын мэдээ болон нэгдсэн дүнг Үндэсний Статистикийн хороонд хугацаанд нь өгч, тооллогын дүнг боловсруулан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан тараахыг нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисст даалгажээ.