Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн таван байршилд явуулж дуусчээ. Харин цахим системээр сонгогдсон буюу газар өмчлөн авах эрхтэй болсон зарим иргэн заасан хугацаанд харьяа дүүрэгтээ хандан өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалт явуулж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан байна. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харьяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай гэнэ. Мөн дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсхээ www.umch.ub.gov.mn гэсэн цахим сайтаас шалгах бүрэн боломжтой аж. НИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 мянга 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм байна. Өнөөдрийн байдлаар нийт 11 мянга 174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчлөн аваад байгаа аж.