УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж байгаа аж. Шат дараатайгаар хийгдэх уг ажлыг нийслэлийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх санал авах ажлыг нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Налайх дүүрэгт дээрх дүрмийн хэлэлцүүлэг болжээ. Хэлэлцүүлэгт хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, дүрмийн төслийг боловсруулж буй “Ач холдинг” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Даваа, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар болон иргэд оролцсон байна. Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөхөөр болсон. Энэ ажлын дагуу Налайх дүүргийг Улаанбаатар хотын дагуул хот болгохоор үндсэн дүрмийг анх удаагаа иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх гэж байна. Бидний төлөвлөж байгаагаар одоогийн Налайх дүүргийг нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш хотын статустай болгохыг зорьж байгаа юм. Энэ дүүрэг нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай буюу дагуул хот болон хөгжиж дэвших бүрэн боломжтой. Налайх хот болсноор нийслэлээс татвар, орлого, төсвийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн татварыг төсөвтөө төвлөрүүлэн түүгээрээ асуудлаа шийддэг болно. Хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна. Та бүхэн хотынхоо Захирагчийг хүртэл ямар нэгэн намын оролцоогүйгээр өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэлээ. Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон Налайх дүүргийн иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтадаа оролцох эрх олгож буйд баяртай байгаагаа илэрхийлж, төслийн боловсруулалтын санал авах ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ дуулгалаа. Нийслэлийн ЗДТГ-аас боловсруулж буй Хотын үндсэн дүрмийг хотын иргэдийн санал асуулгаар батлах бөгөөд хотыг үүсгэн байгуулахыг тунхагласан, баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм байна. Иргэд эвлэлдэн нэгдэж, хотыг байгуулахдаа хотын үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх гэнэ. Налайх хотын үндсэн дүрмийн төслийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баннер хэсэгт байрлуулсан байгаа аж. Иргэд уг төсөлтэй танилцан ирэх сарын 17-ны өдрийг дуустал ажлын цагаар 11-329169, 11-327145 утсаар холбогдож өөрийн саналаа илэрхийлэх боломжтой юм байна. Мөн www.enkhjil_s@yahoo.com, www.bayalag_d@yahoo.com хаягаар захидал илгээгээж болох аж. Дүрмийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Багануур дүүрэгт үргэлжилж байгаа юм байна.

