ГУТОТС-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын хэмжээний гурван мастер төрлөө

Казакстан улсын Алма-Ата хотод өнгөрсөн есдүгээр сарын 04-09-ны өдрүүдэд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спорт /ГУТОТС/-ын дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний байлдааны тархалтын тэмцээний төрөлд манай улсын онцгой байдлын албаны баг тамирчид эхний тархалтаар 34.77 секундын амжилт, хоёр дахь тархалтаар 34.40 секундын амжилтыг үзүүлжээ. Үүгээрээ спортын мастер Д.Алтансүх, Д.Ганзориг, О.Батсайхан нар ГУТОТС-ын Олон улсын хэмжээний мастерийн болзолыг давтан биелүүлсэн байна. Энэхүү амжилтыг үнэлэн ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд дээрх гурван тамирчныг ГУТОТС-ын Олон улсын хэмжээний мастер цол, үнэмлэхийг гардуулан өглөө. Монгол Улсад 1956 оноос эхлэн гал сөнөөгчдийн гал унтраах ур чадвар, дадлагыг дээшлүүлэх, гал унтраах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн нь гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэж хөгжих эхлэл болсон гэж үздэг. Монголын Биеийн тамир спортын төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1971 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор энэхүү спортыг БНМАУ-ын /хуучин нэрээр/ спортын нэгдсэн ангилалд оруулж, тамирчдад олгох цол зэргийн нормыг баталсан байдаг аж. Үүнээс хойш манай баг тамирчид хуучин социалист орнуудын Галын байгууллагуудын баг тамирчдын дунд зохион байгуулдаг олон улсын тэмцээнд анх 1973 онд Болгар улсад зохион байгуулагдахад оролцсон бөгөөд түүнээс хойш 1986 он хүртэл тасралтгүй оролцсон байна. Энэхүү тэмцээн хоёр жил тутам зохион байгуулагддаг байсан бөгөөд манай баг тамирчид Болгар-1973, Герман-1975, Чехословак-1977, ОХУ-ын Сочи-1979, Унгар-1981, ОХУ-ын Минск -1984, Польш-1986 улсад болсон тэмцээнд оролцож байсан ажээ. ОХУ-ын Москва хотод 2002 онд зохион байгуулагдсан анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцсон ба 2004 онд Беларусь улсын нийслэл Минск хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тодорхой шалтгаануудын улмаас оролцож чадаагүй юм байна. Солонгос улсын Жинжү хотод 2013 онд зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож довтолгооны шатны төрөлд Төв аймгийн Аврах гал унтраах ангийн захирагч онцгой байдлын дэслэгч Э.Энхбат 13.92 секундын амжилтаар дэлхийн шилдэг 20 тамирчны 19 дүгээр байранд  багтсан, байлдааны тархалтын төрөлд багаараа 32.93 секундын амжилт гаргаж Монгол Улсын рекордыг шинэчилсэн  зэрэг амжилтуудыг үзүүлж байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.