Усны бодлого, хэрэгжилт – өчигдөр, өнөөдөр

     Өчигдөр: Монгол орон усны нөөцийн удирдлага, санхүүжилтээ засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтаар хийж байв.

    Өнөөдөр: Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Засгийн газраар батлуулж, Монгол улс анх удаа байгалийн зүй тогтолд тулгуурласан, дэлхий нийтийн жишигт хүрсэн арга аргачлал буюу Сав газрын менежментийг нэвтрүүлэв.

    Өчигдөр: Орон нутагт усны салбар өөрийн бүтэц, зохион байгуулалтгүй болсноос хууль хэрэгжих нөхцөл боломж хязгаарлагдмал, гол мөрөн, нуур ус эзэнгүй байв.

      Өнөөдөр: 1990-ээд оны эхэнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан усны салбарын байгууллагууд татан буугдаж, тарж бутарснаас хойш хорь гаруй жилийн дараа орчин үеийн шинэ менежмент, бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн баг хамт олон бүхий Усны сав газрын захиргаадыг шинээр байгуулан ажиллуулж байна. Салбарт шинээр 250 гаруй мэргэжлийн залуус ажлын байраар хангагдаж, Монгол орны гол мөрөн, нуур ус хариуцах, хандах эзэнтэй болоод байна.

      Өчигдөр: Ус ашиглалтын нөхцөл байдал хяналт муутай, усны нөөцийн хулгай зарим газарт 50 хувьд хүрч байв.

      Өнөөдөр: Улаанбаатар хотод явуулсан ганцхан удаагийн шалгалтанд хамрагдсан 35 аж ахуйн нэгжийн 17 нь хууль бусаар ус ашиглаж байсан нь тогтоогдож байв. Усны тоо бүртгэл, хяналт шалгалтын ажил тогтмолжсоноор хууль бус ус ашиглалтыг үндсэнд нь таслан зогсоов.

      Өчигдөр: Ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа нэг тонн усны нөөц ашигласны төлбөр 150 төгрөг байв.

    Өнөөдөр: Ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа усны нөөц ашигласны төлбөрийг газар зүй, экологийн онцлогт нийцүүлэн, Усны сав газар тус бүрээр харилцан адилгүй нэмэгдүүлэн тогтоов.Говийн бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд тухайлбал, “Оюу толгой” ХХК ус ашигласны төлбөрт тонн тутамд 996 төгрөг төлдөг болов.

      Өчигдөр: Усны нөөцийг дахин болон эргүүлэн ашиглахыг дэмжсэн эдийн засгийн хөшүүрэг бодлого үгүй байв.

      Өнөөдөр: Үйлдвэрлэлд ашигласан усыг цэвэршүүлэн дахин ашигласан тохиолдолд нөөцийн төлбөрөөс 99 хувь хүртэл хөнгөлж чөлөөлдөг болсноор томоохон үйлдвэрлэгчид өөрийн цэвэрлэх байгууламжтай болж, нийт ашигласан усныхаа 60-90 хувийг дахин ашигладаг болов.

      Өчигдөр: Улсын төсвийн хөрөнгөөр хайж илрүүлсэн газрын доорхи усны ордоос аж ахуйн нэгжүүд нөхөн төлбөр төлөхгүйгээр ашиглаж байв.

    Өнөөдөр: Улсын төсвийн хөрөнгөөр хайж илрүүлсэн газрын доорхи усны ордоос аж ахуйн нэгжүүд ус ашиглахдаа нөхөн төлбөр төлдөг болсноор ихээхэн хэмжээний хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх нөхцөл бүрдэв. Энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр зөвхөн 2-3 аж ахуйн нэгж л гэхэд нөхөн төлбөрт улсын төсөвт нэг тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлэв.

     Өчигдөр: Манай улс газрын доорхи усны нөөцөөсөө нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна. Энэхүү өндөр хэрэглээнд хяналт тавих, мониторингийн сүлжээ байхгүй байв.

    Өнөөдөр: Монгол орны бүх газар нутгийг хамарсан газрын доорхи усны хяналт мониторингийн сүлжээ байгуулах ажил хэрэгжиж байна. Эхний ээлжинд хэрэглээ өндөр говийн бүс нутгийг хамарсан сүлжээг байгуулж байна. Энгийн үгээр хэлэхэд, Оюутолгойн усны хэрэглээ зарцуулалт, газрын доорхи усны түвшин, чанарын өөрчлөлтийг бид компьютерийн дэлгэц дээрээсээ хянах бололцоо бүрдэж байна.

      Өчигдөр: Салбарын хүний нөөцийн бодлого алдагдаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажил удаан хугацаагаар тасалдсан, шинэ төгссөн залууст ажлын байрны хомсдол үүсээд байв.

     Өнөөдөр: Сав газрын захиргаадыг байгуулж ажиллуулснаар Усны салбарт шинээр 250 орчим байнгын, тогтмол ажлын байр бий боллоо. Өмнө болон хожим бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг дахин сургах, чадавхижуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Салбарын боловсон хүчнийг сургах, багшлах чадавхийг сайжруулах зорилгоор бодлого хэрэгжүүлж байна.

                                                                                                                                                                Эх сурвалж БОНХЯ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.