Арьс ширний урамшуулалд хоёр тэрбум 711 сая 691 төгрөг олгосон байна

Дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьс ширээр хангахын тулд өнгөрсөн онд Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам” баталсан билээ. Өөрөөр хэлбэл, гүн боловсруулах үндэсний үйлдвэрт арьс, ширээ стандартын дагуу бэлтгэн тушаасан, малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Тэгвэл эл журмын 3.1.1 заалтад “Арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг жил бүр баталж, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос нэр бүхий 22 үйлдвэрийг зарлажээ. Үүнд:
1. “Монгол шевро” ХК 

2. “Дархан нэхий” ХК 

3.” Мон-Ит булигаар” ХК 

4. “Дархан минж” ХХК 

5. “Их эргэлт” ХХК 

6. “Мон-Ирээдүй” ХХК 

7. “МЛТЖ” ХХК 

8. “Буурал гол” ХХК 

9. “Ерөөлт интернейшнл” ХХК 

10. “Үе импекс” ХХК 

11. “Эрдэнэчандмань” ХХК 

12. “Батдүмбээ” ХХК

13. “Сүүдэртийн хөндий” ХХК

14. “Ялман” ХХК

15. “Хатан төгөл” ХХК

16. “Содон цуурай” ХХК

17. “Мөнх шинэ од” ХХК

18. “Гурван эрдэнэ тэмүүлэл” ХХК

19. “Хасар буян” ХХК

20. “Ганган эрдэнэ” ХХК

21. “Хөхөө төгөлдөр” ХХК

22. “Дэлгэрэх бат хул” ХХК

Эдгээр үйлдвэр нь арьс ширийг савхин гутал, хувцас, эдлэлийн зориулалтаар гүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм. Нэмэгдсэн өртөг ихээр шингэх чадвартай арьс ширний салбарын үйлдвэрүүдийг түүхий эдээ худалдан авах эргэлтийнх нь хөрөнгөөр дэмжиж, боловсруулах үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчинд урамшуулал олгосноор өнөөдрийн арьс ширний боловсруулалтын хэмжээ 2.67 сая байгааг 6.3 сая ширхэгт хүргэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн одоогийн бүрэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож буй 1.5 сая ширхэг арьсыг 4.58 саяд хүргэж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хоёр дахин буюу жилд дунджаар 25-50 хувь өсөх ажээ. Тиймээс Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ҮХААЯ-наас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй малчид, түүхий эд бэлтгэгчид, хоршоод хэрхэн урамшуулалд хамрагдах, түүхий эд бэлтгэх, арьс ширэнд анхан шатны тордолт хийх талаарх гарын авлага бэлтгэн хүргүүлж, 21 аймгийн бүх сумын төлөөллийг оролцуулсан сургалт зохион байгуулсан байна. Мөн түүхий эд бэлтгэлийн чиглэлээр ажиллах үйлдвэрийн төлөөлөгчдийг /2000 хүн/ сонгон ажлын байраар ханган гэрээ байгуулж, үнэмлэх, тамга олгож, үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа аж. Энэ оны эхний хагас жилд Мал хамгаалах сан, аймаг, нийслэл болон холбооноос ирүүлсэн материалыг хянаж, дээрх журмын дагуу 19 аймгийн 29 мянга 811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн энэ оны хоёрдугаар хагас жилд олгох 300 орчим сая төгрөгийн урамшууллын баримтыг баталгаажуулжээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.