Улаанбаатар хотыг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр”-ийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн 24492 шон, 35372 ширхэг гэрэлтүүлэгч, 722 ширхэг  удирдлагын самбар, 803913 метр СИП кабель, 294588 метр АВВБ маркийн кабелийн засвар үйлчилгээг хариуцан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ 13 аж ахуйн нэгж “Хамтран ажиллах” гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бүх гэрэлтүүлэгчийн 49 хувь нь гэр хороололд, 38 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд, 13 хувь нь орон сууцны хороолол дунд суурилагдсан байдаг юм байна. Үүнээс 56 хувь нь ДНАТ төрлийн,  44 хувь нь ЛЕД төрлийн  гэрэлтүүлэгч гэнэ. Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн 80, орон сууцны хорооллын 90, гэр хорооллын 60 хувь нь гэрэлтүүлэгтэй байгаа аж. Тэдгээрийн цахилгаан эрчим хүчний төлбөрт 1.2 тэрбум орчим төгрөг, ашиглалт засвар үйлчилгээний зардалд 3.7 тэрбум орчим төгрөгийг жилд зарцуулж буй. Цаашид дээрх хөтөлбөрийн хүрээнд гэрэлтүүлгийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, шинэчлэн солих ажлуудыг ээлжит хугацаанд нь гүйцэтгэх,  операторт тавигдах үүрэг хариуцлагыг өндөржүүлж менежментийг сайжруулах, хяналтын тогтолцоог шинэчлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.