С.Пүрэв: Үйлдвэр, аж ахуйн газруудыг татварын бодлогоор дэмжинэ

2015 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Сангийн дэд сайд С.Пүрэвээс зарим зүйлийг тодрууллаа.


- Төсвийн орлогыг бүрдүүлэхэд уул уурхайн салбар чухал үүрэгтэй. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнийн тогтворгүй байдал эрсдэл дагуулдаг. Үүнийг хэрхэн тооцоолсон бэ?
- Уул уурхай бол улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг гол салбар. Энэ салбарт төсвийн орлого бүрдүүлэхэд гардаг нол хүндрэл нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн асуудал байдаг. Тиймээс БНХАУ-д экспортолдог гол нэр, төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх жил ямар байх вэ гэдэг олон улсын байгууллагын үнэлгээ, таамаглалыг үндэслэж тооцдог. Ирэх жил үнэд өндөр өсөлт гарахгүй, харин буурах хандлага ажиглагдаж магадгүй. Үүнийг тооцож ирэх жилийн төсвийг боловсруулсан. Экспортлох хэмжээний тухайд ирэх жил 20 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Үүнийг бодитой гэж харж байгаа юм. Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний экспорт 17 сая тонн орчим гарахаар байна. Бид 2.8 сая тонноор нэмэгдүүлж ирэх онд нүүрснээс орлого олохоор төлөвлөсөн.
- Тонн нүүрснийг хэдэн доллараар тооцсон бэ? Нүүрсний үнэ буурч байгаа шүү дээ?
- 2015 онд бид үнийг буулгаж, тонн нүүрснийг чанараас нь хамааруулж 50, 70 доллар байхаар төсөвт тооцсон.
- Ирэх оны төсвийн орлого бүрдүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой” компаниас 60.8 тэрбумын татвар авна гэж байсан. Компанийн нөхцөл байдал хүнд байхад ийм татвар ногдуулах нь хэр оновчтой юм бэ?
- Бид “Эрдэнэс-Тавантолгой” компаниас орох орлогыг 60.8 тэрбум төгрөгөөр тооцсон. “Эрдэнэс-Тавантолгой” компанид хүндрэл бий. Хятадын төрийн өмчит “Чалко” компанид төлөх өрийг дуусгах зорилттой ажиллаж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой”-гоос орох орлогыг хоёр янзаар авна. Нэгдүгээрт, орлогоос нь тооцож авах, хоёрдугаарт өр барагдуулахад суутгал хэлбэрээр тооцож авна.
- Инфляцийг 7 хувьд барина гээд байгаа. Энэ хэр бодит тоо вэ?
- Бид нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн төвшний үзүүлэлтийг тооцож инфляцийг 7 хувьд барих боломжтой гэж үзсэн. Монгол банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвлөлдсөн. Тиймээс тооцоог гаргаж төлөвлөж байна. УИХ-аас саяхан Монгол Улсын Мөнгөний бодлогын баримт бичгийг баталсан. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нягт уялдах ёстой. Ирэх жил эдийн засгийг төсвөөр тэлэх бодлогыг хязгаарласан. Төсөв, мөнгөний бодлого хоёр гурван чиглэлээр уялддаг. Нэгдүгээрт, улсын төсвийн алдагдлыг зохих хэмжээнд байлгах асуудал. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хөдөлгөх чиглэлээр идэвхийлэн ажиллах. Гуравдугаарт, импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах байдаг. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, улс орны эрх ашигт нийцсэн, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх үйлдвэр, аж ахуйн газруудыг татварын бодлогоор дэмжинэ. Тиймээс инфляцийг тодорхой төвшинд барих асуудал эдгээртэй уялдах ёстой.

                                                                                                                         Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.