Шинэчлэлийн хорооны Их хурал ирэх тавдугаар сард болно

МАН-ын Шинэчлэлийн хороо өчигдөр анхны Бага хурлаа хийв. Бага хуралд нийт 99 төлөөлөгч оролцсон. Энэ үеэр МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан  ”Улс төрийн намуудын шинэчлэл ба нийгмийн хөгжил”, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удаанжаргал “Хорооны үйл ажиллагааны тайлан, үйл ажиллагааны зорилт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус хурал МАН-ын Шинэчлэлийн хорооны Их хурлыг ирэх оны тавдугаар сард багтаж зохион байгуулах, Их хурлын бэлтгэлийг хангаж ажлын хэсэг байгуулахад чиглэгджээ. МАН-ын Шинэчлэлийн хороо нь “Дэлхий нийтийн нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн чиг хандлагыг өөрийн орны онцлог, иргэд, олон нийтийн хүлээлт, шаардлагад нийцүүлэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал дэвшүүлэх, улс төрийн намуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэсэн санал боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зохион байгуулах” зорилготой юм. Тус Шинэчлэлийн хороо өнгөрч есдүгээр сард албан ёсоор Төрийн бус байгууллага болж, тамга тэмдгээ гардан авчээ.

                                                                                                               Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.