МАН Ч.Сайханбилэгийг дэмжих бодолгүй байна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдав. Тус хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлаар ярилцсан байна. Гэхдээ уг асуудлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй бололтой. Удирдах зөвлөлийн гишүүд “Ерөнхий сайдыг анхнаасаа ямар шалтгаанаар огцруулснаа сана. Дараагийн Ерөнхий сайд өмнөхийнхөө алдааг залруулж чадах хүн байх ёстой. Тэр хүн нь Ч.Сайханбилэг байж чадах уу” гэдэг дээр  шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эдийн засгаа хямралаас гарахад “Мистер” Ерөнхий сайд хэрэгтэй гэж дуулаагүй юм байна” хэмээн бухимджээ. Ийнхүү гишүүдийн байр суурийг харвал Ч.Сайханбилэгийг дэмжих гишүүн МАН-д бараг алга. Ерөнхийдөө Ч.Сайханбилэгийг томилох асуудал МАН-аас хамааралтай болж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Учир нь АН-ын бүлгийн хэд хэдэн гишүүн бүлгийнхээ хурал дээр Ч.Сайханбилэгийг дэмжээгүй аж. Хэрэв эдгээр гишүүд МАН-ын 26 гишүүнтэй санал нэгдэж эсрэг кноп дарвал Ч.Сайханбилэг дэмжигдэхгүй байх магадлал өндөр байгаа юм. 

                                                                                                                             Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.