Өнөөдөр Сангийн яамны дэд сайд С.Пүрэв болон албаны хүмүүс шинээр батлагдсан Төсвийн хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэвлэлийн бага хурал хийв. Мэдээллийн эхэнд Сангийн яамны дэд сайд С.Пүрэв энэ жилийн төсөв онцлогтой төсөв болсныг хэлээд төсвийн орлогыг аль болох бодитоор харж, аж ахуй нэгж, иргэдэд татварын нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар төлөвлөсөн гэдгийг онцоллоо. Тэрбээр “Зарлагыг тэвчиж болох хэмжээнд хүртэл хэмнэж, хэмнэлтийн горимд шилжсэн төсөв боллоо. Үүний дотор төрийн албан хаагчдын орон тоо, захиргааны болон удирдлагын урсгал зардлыг багасгах, гадаад, дотоод томилолт, бараа үйлчилгээ худалдан авах, тээвэр шатахууны зардлыг багасгах зэрэг олон арга хэмжээг төсөвлөж төсөвлөсөн. Мөн шинэ баригдах барилгыг багасгаж, хөрөнгө хүчийг төвлөрүүлж, бүтээн байгуулалтын үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн” гэв. Ингэснээр хөрөнгө оруулалтын чиглэлд үүссэн гацааг арилгаж, эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа юм. Ирэх онд зээл, тусламж, улсын болон орон нутаг, хувийн хөрөнгө оруулалтаар нийт цэцэрлэгийн зориулалтын 82, сургууль, дотуур байр, спорт заалны зориулалттай 90 орчим, эмнэлгийн зориулалттай 8 барилга байгууламж тус тус ашиглалтад орно. Нөгөө талаар цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулахтай холбогдсон орон нутгийн хөгжилд зориулсан зардлыг нэмэгдүүлэхээр болсон.
2015 оны төсөвт ирэх оны эдийн засгийн өсөлтийг 7.1 хувь, хэрэглээний үнийн төвшинг 7 хувь байхаар төсөөлсөн. Төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр нүүрс 19.8 сая, төмрийн хүдэр 5 сая, зэсийн баяжмал 1.4 сая, алт 10 тонныг тус тус экспортлохоор тусгасан байна. Үүнээс гадна татварын хувь хэмжээг өөрчлөөгүй бөгөөд уул уурхайгаас 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ. Үүнд “Оюутолгой” ХК-иас 324.3, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 447.5, “Эрдэнэс-Тавантолгой”ХК-иас 60.8 тэрбум төгрөгийн татварын орлого олно гэсэн тооцоолол хийжээ. Төсвийн хуулийн хэлэлцүүлгийн явцад төсвийн зардал анх өргөн баригдсанаасаа 39 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 439.2 тэрбум төгрөгөөр батлагдсан юм. Харин төсвийн ДНБ-нд эзлэх алдагдлын хэмжээ 1.8 хувь буюу 0.2 функтаар сайжирсан ч хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад бага үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна. Харин Орон нутгийн хөгжлийн санд 201.9 тэрбум төгрөг тусгасан ба нэг аймагт дунджаар 8 орчим тэрбум хуваарилагдаж байгаа аж.
Ц.Цэц