Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй XIII хорооны “Мэнд-Арвижих” өрхийн эмнэлгийн барилга, XV хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй IV хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй IV хороонд байрлах Авто гражийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцжээ. Дээрх барилгуудад НМХГ-ын улсын байцаагчийн актлах дүгнэлт гарсан бөгөөд олон жилийн насжилттай хуучин барилгыг буулгаж эмнэлэг, автомашины зогсоол зэрэг шинэ төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Мэнд-Арвижих” өрхийн эмнэлгийн 22.8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг буулгаж Чингэлтэй дүүргийн “Хүүхэд гэр бүл хөгжил”-ийн төвийн барилгыг, XV хорооны конторын нийт 49.6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж шинээр Хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг барихаар болсон байна. Мөн Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй IV хорооны улаан булангийн 10.6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж гэрэлтүүлэг, автомашины зогсоол, ногоон байгууламж , Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй IV хороонд байрлах Авто гражийн 8.8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж Нутгийн удирдлагын ордны барилгыг барихаар болжээ.