Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Уламжлалт эм, эмийн ургамал” компани НӨҮГ-ыг татан буулгажээ. Тус компани 1974 онд байгуулагдсан бөгөөд энэ оны байдлаар үндсэн хоёр, гэрээт 12 ажилтантайгаар монгол эмийн ургамлын үйлдвэрлэл эрхэлж байсан аж. Энэ оны хоёрдугаар улирлын балансаар 32 сая 659.1 мянган төгрөгийн орлого олж, 45 сая 681.6 мянган төгрөгийн зардал гарган 13 сая 023.5 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн 42 сая 712.6 мянган төгрөгийн өрийн төлбөртэй, үүний 80-аад хувь нь татварын байгууллагад төлөх шаардлагатай гэнэ. Түүнчлэн тус байгууллагын удирдлага нь нийслэлийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй, 2013, 2014 оны жилийн тайлан балансаа Төрийн сан болон Өмчийн харилцааны газраар баталгаажуулаагүй, энэ оны бизнес төлөвлөгөө болон зорилтот түвшний талаар санал ирүүлж батлуулаагүй юм байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын энэ оны А/94 дүгээр захирамжаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралуудтай байгуулсан өнгөрсөн оны контрактын биелэлтийг дүгнэхээр байгуулсан ажлын хэсгээс “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгах санал гаргажээ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа ч нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах үндэслэл дутуу байна. Шууд татан буулгахгүйгээр менежментийн багийг өөрчлөх, шинэчлэл хийсний дараа татан буулгах ёстой” гэсэн саналыг гаргасан аж. Харин нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж “Одоогоор үйл ажиллагаа нь бүрэн зогссон, зуны улиралд хэдхэн хүнтэй нийлж ургамал түүдгээс өөр ажил байдаггүй. Зорилго, чиглэлгүй ажиллаж байгаа” гэдгийг хэлсэн байна. Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд татан буулгах ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, ирэх оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахыг үүрэг болгожээ.
М.Өлзий