Хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу: “Ертөнцийн сайхан гэж Ээжтэйгээ байхыг хэлнэ”

Хэн нэгэнтэй таарахдаа,  мэнд мэдэлцэх, таны нутаг хаана вэ?... гэж асуухад нэгэн омогшил, сэтгэл хөөрөл нь илэрхий болгочих тохиолдол бий. Баянхонгор ийм л хүмүүсээр баян нутаг даа. Хонгор нутгийн хэн болов ч андахгүй, аялахгүй байдаггүй тэр бүтээлүүд нь эзнээ танилцуулчихдаг хэрэг л дээ. Сэтгэлийн эгшиг бүтээгчийг төрүүлсэн нутаг нь ч мөн эгшиглэж байдаг учиртай. Тэр нутгийн эгшиг гэвээс нэгэн хүүтэйгээ байж өнгө гэрлээ асаах учиртай юмсанж...

"Газарын хаанаас ч нутгаа гэх сэтгэл нь
 Дөмөн цэнхэр орчлонгоос
 Онож төрсөндөө уярсан
 Дөрвөн цагийн улиралд
 Сураг чимээг чагнасан
 Хонгор нутаг минь аятай гэнэ
 Хойморь урьхан хавартай гэнэ
 Яргуй эрт нүдэлсэн гэнэ
 Хонгор нутаг минь аятай гэнэ.."

 /Шүлэг Дан.Нямаа, Дуучин МУСТА Н.Баасандорж/ ...хэмээхийн сайхнаас аялгуутах авай.  Сонсохгүй байхын арга үгүй, дуулахгүй байхын учир үгүй хэмээхийн  сайхан нь  энэ бүтээлд бий. Бидний сэтгэлд хэдийнээ танил ийм л олон  дууны аялгуугаар овоглож яваа түүнийг Хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамбуу гэнэ. Сайхан хэмээхийн учрыг тээгч түүний бүтээлүүд нь нэгэнт танигдсан байтал  тэр бүр дүрээ харуулаад байдаггүйг бид мэднэ. Хааяа нэг төгөлдөр хуурын аялгуу эгшиглэж байгаа орчинд ч юмуу эсвэл такси,  олон нийтийн автобусаар зорчиж явах үе,  зурагт үзэх,  Радио сонсох гээд олон тохиолдолд хамгийн танил бүтээлүүд нь чихнээ сонсогдох л элбэг. Түүний “Зүрхэнд эгшиглэх нутаг, Зүрхний анир, Тээвэрчин аав минь, Ертөнцийн сайхан, Амин үргэлжлэл, Соёмбонд гэрэлтсэн аялгуу, Нутгийн минь сураг” зэрэг нийтийн дууны бүтээлүүдээс гадна олон арван хүүхдийн дуу нь олны хүртээлд очжээ. Цор ганц нийтийн дуу гэлтгүйгээр хүүхдийн зохиолд оруулж яваа түүний хувь нэмэр нь өнөө цагийн хөгжмийн урлагт өнгө нэмсээр байгаа юм. Эдүгээг хүртэл нэгэн зууны төлөөлөл болж чадсан агуа Л.Галмандах гуайгаас өөр хүүхдийн дууны хөгжим зохиогчид ховорхон болчихсон энэ үед  С.Батболд, С.Ганчимэг нараас өөр нэр  нь дуулдах хүн  ховор. Ийм үед  түүний “Өдөр бүхэн ийм л байвал гоё” хүүхдийн дууны цомог гарсан нь магтууштай зүйл болсон билээ.

Уран бүтээлч бүрт анхны гараа гэж байдаг

Тэрээр хүүхэд байхдаа л дуу хөгжимд сонирхолтой, гитар тоглодог, орос  дуу дуулж урлагийн үзлэгт ордог, сургуулийнхаа гитар хөгжмийн хамтлагт бөмбөр тоголдог гээд ер нь л хөгжимд ойр хүүхэд байжээ. Улмаар сургуулиа төгсөх болход дуу хөгжмийн сонирхолдоо хөтлөгдсөөр  “Хөгжмийн багш” болохоор шийдсэн гэдэг. Ингээд алдарт хөгжмийн зохиолч Жанцанноровоор тодорхойлогдох нэгэн үеийнхний төгссөн сургуулийг дүүргэх хувь тохиожээ. Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Т.Сэр-Од, Баасандорж, Ганбат нартай нэгэн үе болж төгссөн ч уран бүтээлд тэднээс арай л хожуу орсон байна. Сургууль  төгсөөд багшилж байхдаа “Мөнгөн хонхны дуу” хэмээх хүүхдийн дууны номноос сонгож шавь нартаа дууны хичээл заадаг байв. Хичээл бүрт нэг шинэ дуу заадаг нь  тухайн үеийн хичээлийн төлөвлөгөөнд ч заагдсан байдаг байлаа.Нэг л мэдхэд өнөөх номны дууг ч  зааж дууссан тул өөр гарын авлага болох зүйл түүнд байсангүй. Ингээд л өөрөө бичих эхлэл тавигдсан хэрэг.  Тухайн үед Алтанцэцэг хэмээх хүүхдийн зохиолчтой таарсан нь түүнийг хүүхдийн дуу зохиох хүсэлд их урам өгсөн гэдэг. Алтанцэцэг гуай өөрийн номоо үзүүлээд “Миний ийм ном байдаг юм, чи эндээс сонгоод дуу зохиогооч” хэмээн санал болгосон нь түүнийг энэ зүгт улам л хөтөлжээ. Оюутан ахуйдаа хөгжим бичиж яваагүй гэх тэрбээр “Багш болж хүүхдийн ертөнцөд орохдоо л уран бүтээлч болсон доо” гэсээр даруу дуугаар хэлж суусансан.

Анхны дуу нь “Монголын радио”-гоор цацагдав

Анхны хүүхдийн дуугаа бичээд шавь нартаа заасан нь төд удалгүй Монголын радиогоод цацагджээ. Энэ бол 2000 он буюу түүний уран бүтээлийн замд орсон эхлэл нь юм. Тэрбээр хүүхдийг дэмжиж урамшуулахдаа ч тэрүү долдугаар ангийн сурагч шавийнхаа  “Монгол бойтогний хонх”, “Шинэ жилийн үдэш” хэмээх хоёр дууг сонгож хөгжмийг нь бичжээ. Өдгөө түүний ингэж үнэлсэн шавь нь Монголын Рок, Попынхон, тэр дундаа Дуучин Д.Болдын олон сайхан дууны шүлгийг бүтээсэн Яруу найрагч С.Энхтайван юм. Ийнхүү хүүхдийн дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр эдүгээ “Өдөр бүхэн ийм л байвал гоё” хэмээх хүүхдийн дууны цомогоо бүтээжээ. Багш хүний хувьд олон талаас нь харж, бодож, сэтгэж бүтээсэн түүний энэ бүтээл гарын авлага, понаграмтайгаа хийгдсэн нь хүүхэд өөрийгөө хөгжүүлэх замд чухал нөлөө үзүүлсэн юм. Өдгөө хүүхдийн дууны зохиолч ховордсон энэ үед түүний бүтээл үнэтэй төдийгүй хөдөлмөр нь магтаал сонсох учиртай билээ.

 “Нутгийн минь сураг” дууг нь Д.Нямаа гуай захиагаар илгээж байжээ

Түүний уран бүтээлд нутаг ус, аав ээжийн тухай дуунууд олон бий. Нэгэн түүхийг сөхвөл “Нутгийн минь сураг” дууг Д.Нямаа гуай Баянхонгор руу захиагаар түүнд илгээж байсан гэдэг. Хожим энэ дуу нь түүний бахархал төдийгүй, Баянхонгорчуудын сонсох, дуулах дуртай дууны нэг болжээ. Түүнчлэн Ламын гэгээний  375 жилийн ойд зориулж бүтээсэн “Зүрхэнд эгшиглэх нутаг” дуу нь тус нутгийн залуу уран бүтээлчдийн дуулснаар олны хүртээл болжээ. Энэхүү дууг нь Дорноговь аймгийн Саранхөхөө театрын дарга Яруу найрагч Эрдэнэ-Бат гуай бичсэн байна. Мөн “Хайрлан шүтэх Эх орон” дууг нь “Voice” групп дуулжээ. Тэрээр хэлэхдээ “Би онгод хийморийг нутгаасаа л авдаг болохоор төрсөн нутаг, газар шороо минь миний зүрхэнд маш ойрхон байдаг” гэж нэгэнт хэлжээ. Сайхан бүтээл хийвэл уул усандаа эхэлж сонсгож залбирч явдаг  түүнийг  нутгийн  Их богд хайрхан нь ямагт түшдэг биз ээ.

        “Ертөнцийн сайхан” хэмээх цомогоо бүтээв 

Хөгжмийн зохиолч бүрт нэг нандин бүтээл байдагсан. Түүнээс энэ тухай асуухад олон жилийг туулж бүтсэн нэгэн дуугаа нэрлэж билээ. Энэ нь Яруу найрагч Доржготовийн “Зүрхний анир” хэмээх шүлгээс бүтжээ. “Зүрхний анир” дууны шүлэг нь одоогоос арван жилийн өмнө бүтсэн байна. Гэвч дуулагдалгүй явсаар энэ үед амилсан юм. Өдгөө тэрээр ээжийнхээ дурсгалд зориулж “Ертөнцийн сайхан” хэмээх нийтийн дууны цомогоо ч бүтээжээ. Түүний хувьд  “Ертөнцийн сайхан гэж ээжтэйгээ байхыг л хэлэх юм байна” гэдгийг нэгэнт ойлгосон тул ийн нэрлэсэн хэрэг. Тиймээс ч энэ бүтээлдээ тэрээр сайхан бүхнийг багтаахыг хүссэн гэдэг ээ.  

“Морин хуур” наадамд тэргүүллээ

“Морин хуур” наадамд жил болгон оролцдог тэрээр 2010 онд “Voice” группийн дуулсан “Хайрлан шүтэх Эх орон” дуугаараа шилдэг дууны шагналыг хүртжээ. Улмаар 2013 оны “Морин хуур” наадамд “Сүүн совин” дуугаараа шилдэг арван дууны шагналыг хүртэж чадсан нь сайн уран бүтээлч болохыг дахин илтгэсэн юм. Тэрээр саяхан Байгаль хамгаалах сангаас зарлаад байсан “Эх дэлхий инээмсэглэл” сэдэвт хүүхдийн дууны уралдаанд “Тунтгар хөөрхөн Мазаалай” дуугаараа тэргүүн байр эзэлжээ. “Дэлхий дээр 20 орчим мазаалай байдаг нь түүний нутаг Баянхонгор аймгийн “Шинэ-Жинст” сумын нутагт байдаг билээ. Хамгийн ихээр ховордсон энэ амьтныг хүүхдийн дуунд мөнхөлж өөрийн охиноороо дуулуулсан нь нүдээ олсон шагнал гэгчийг бодогдуулж байв. “Тунтгар хөөрхөн мазаалай" дуугаа охиноороо дуулуулах гэж багагүй адал явдал туулсан нь ч өхөөрдөл дүүрэн дурсамжтай. Өөрийнх нь дуунуудыг дагаад дуулчихдаг болохоор нь ч тэр үү, “Миний охин энэ дууг аавдаа дуулаад өгчих, аав нь зөндөө гоё юм авч өгнө” гээд ам алдаж байж зөвшөөрүүлсэн юм байж. Ингээд аав охин хоёр хотод ирж, дуугаа бичүүлэх гээд нэлээд хугацааг авчээ. Охин нь ч хүлээж залхахдаа тэрүү "Зайрмаг авч өг" гэж л дээ. "Аавд нь мөнгө алгаа, шагнал авбал гоё юм авч өгнө гэсэн шүү дээ" гээд хэлчихсэн нь буруудаж охин нь дуулхаас татгалзаж үзсэн гэнэ. Ингэхдээ “Аав аа би ерөөсөө дууг чинь дуулахаа болилоо, та өөр хүүхэд олоод дуулуулчих" гээд гүрийчихсэн гэж байгаа шүү. Аргагүйн эрхэнд зайрмаг авч өгч аргадсан гэнэ. Ингэж л аав охин хоёрын адал явдал дундаас бүтсэн “Тунтгар хөөрхөн мазаалай” шагналын эзэн болжээ.  “Тунтгар хөөрхөн мазаалай” дууны клипийг уншигч таны сонорт үлдээлээ. Аав охин хоёрыг авьяас хийморь нь үргэлжид түшиг ээ.

Шүлэг Б.Дашгомбо                                                                   Ая.Г.Жанцансамбуу

     Тунтгар хөөрхөн мазаалай

Майга тайга алхаатай
Мангир бажууна хоолтой
Их говийн чимэг
Ижилгүй хөөрхөн мазаалай
        Мазаалай мазаалай хөөрхөн дөө
        Монгол говийн баавгай даа
Тооройн төгөлөөр нутагтай
Тунтгар жаахан биетэй
Налгар говийн мазаалай
Надтай хамт наадаарай
       Мазаалай мазаалай хөөрхөн дөө
       Монгол говийн баавгай даа
Цэлгэр сайхан нутагтай
Цунцгар хүрэн зүстэй
Манхан говийн мазаалайг
Хайрлан хамгаалж өсгөөрэй
     Мазаалай мазаалай хөөрхөн дөө
     Монгол говийн баавгай даа.

 

 

                                                                                  

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • D.Byambaa (112.72.13.169)
    Yamar huurhun egduutei yum be amjilt husey
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Амараа (202.5.206.131)
    Баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүсье
    2015 оны 01 сарын 14 | Хариулах