Монгол Улсын болон ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан хэлэлцээр ёсоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчих боломжтой болсон. Тэгвэл ийнхүү хоёр улсын иргэд визгүй зорчиж эхэлснээс хойш өчигдрийн 13:00 цагийн байдлаар Монгол Улсын 687 иргэн, ОХУ-ын 380 гаруй иргэн Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн байна.
Гэрээ ёсоор визгүй зорчих нийлбэр хугацаа нь иргэн тухайн улсад анх зорчсон өдрөөс эхлэн 180 хоногт буюу зургаан сарын хугацаанд нийт 90 хоногоос илүүгүй байх юм. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмын дагуу виз авах аж.
Ц.Цэц