Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад нэр дэвшиж, З.Энхболд намын дарга болов

Өчигдөр орой АН-ын ҮЗХ ээлжит бусаар хуралдаж хүлээлт үүсгээд байсан Ерөнхий сайдыг тодрууллаа. ҮЗХ-ны хурлын өмнөхөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлж ҮЗХ-гоор шийдвэрлүүлэхээр болсон юм. Харин нөгөө талд УИХ-ын АН-ын бүлгээс нэр дэвшигч Р.Амаржаргал байв. ҮЗХ-гоор эл хоёр эрхмийн олонхийн санал авсан нь Ерөнхий сайд болох учиртай. Ингээд шийдвэрлэх мөчид санал хураалтад ҮЗХ-ны 173 гишүүн оролцсоноос нэг саналын хуудас хүчингүйд тооцогдож, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын төлөө 80, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн төлөө 92 хүн санал өгчээ. Ийнхүү Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох эрхээ намаасаа авлаа. Гэхдээ УИХ-аар түүнийг 28 дахь Ерөнхий сайд болох эсэхийг шийдвэрлэнэ. Үүнээс гадна намын даргыг ч мөн шинээр томиллоо.

Уг нь эл асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцэхгүй ирэх сард болох намын Их хурлаар хэлэлцэж шинэ даргыг томилно гэж байсан. Гэтэл өчигдөр Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учир дүрмийн дагуу ҮЗХ-ны гишүүд нууцаар санал хурааж УИХ-ын дарга З.Энхболдыг 87.5 хувийн саналаар дэмжиж АН-ын даргаар сонгов. Энэ үеэр намын даргад З.Энхболдоос өөр хүн нэрээ дэвшүүлээгүй байна. Ингээд АН-ын дарга З.Энхболдод Н.Алтанхуяг тамгаа гардуулав. Энэ үеэр З.Энхболд “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолттой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэв.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.70.33.62)
    хэцүү дээ, хэцүү Алтанхуяг огцорсон ч түүний орыг гишгэх яг л нэг дагуул нь ерөнхий сайд болчихоор өөрчлөгдөх юм байна уу
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.140.183)
    ene chadahgui ee!
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • 123 (202.21.106.160)
    наад нөхрийг чинь ард түмэн хүлээн авахгүй бол яанаа?ардчилсан намынхаан
    2014 оны 11 сарын 15 | Хариулах