Дүрмийн бус дүрэмтэй нам

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар задран унаснаар АН “Алтангадас”-ынхан болон бусад фракциуд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан гэж болно. Нэг хэсэг нь намын дотоод дүрэм ярьж, нөгөө хэсэг нь тэдний гаргасан шийдвэрийг дүрмийн бус гэж ээлж дарааллан мэдэгдэж байв. Тухайлбал, УИХ дахь АН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал өгснөөр тус намын ХЕХ-ноос эдгээр гишүүдийг намаасаа хөөх тогтоол гаргасан. Харин ҮЗХ хуралдаж тус тогтоолыг дүрмийн бус гэж үзэн дэмжээгүй юм. УИХ-ын гишүүн М.Зоригт, Р.Бурмаа нар ч мөн адил дүрмийн бус гэж байлаа. Мөн энэ долоо хоногт АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг удтал хэлэлцсэний эцэст хэвлэл мэдээлэлд зарлалаа. Гэтэл хэдхэн минутын дараа АН-ын ХЕХ-ноос уг шийдвэр нь дүрэм зөрчсөн болж хувирав. “АН-ын дүрмээр Ерөнхий сайдын нэрийг намын дарга санал болгох ёстой байдаг.  Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг шийдсэн нь өөрт хамааралгүй зүйлийг өөртөө хамааралтай болгосон байна” гэж ХЕХ үзэв. Тэд “АН-ын ҮЗХ-ны хурлаас АН-ын бүлэгт Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөх эрхийг өгсөн болохоос Ерөнхий сайдын нэрийг тодруулахыг тогтоолд дурьдаагүй” гэлээ. Ингэхээр ХЕХ-ны мэдэгдлийг үндэслэн авч үзвэл АН-ын бүлгийнхэн ҮЗХ-ноосоо өгсөн үүргийг буруу ойлгосноос гадна намынхаа дүрмийг мэдээгүй, эсвэл мэдсээр байж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан байж таарлаа. Үүнээс гадна энэ сарын 8, 9-нд хуралдсан АН-ын ҮЗХ-ны тогтоолыг хурал даргалагч Э.Бат-Үүл, Б.Баттулга нар зассан нь тодорхой болсон гээд зөрчил нэлээд байна. Энэ нь ч нам доторх фракциуд Н.Алтанхуягийн эсрэг хөдөлж эхлэснийг илтгэнэ. Нөгөө талаар хэн дуртай нь олуулаа хэлэлцэж баталсан тогтоол засдаг, намын дүрмээ зөрчиж даргыхаа эрх мэдлийг бүлэг нь булааж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулдаг. Намын чухал үүрэг бүхий ХЕХ нь дүрмийн бус шийдвэр гаргадаг. Дүрмийн бус дүрэмтэй нам болж хувирлаа. Өнөө орой АН-ын ҮЗХ дахин  хуралдаж Ерөнхий сайдыг тодруулна. Чухам уг хурал дүрмийн хүрээнд явагдаж, дүрмийн дагуу шийдвэр гаргах хэрэгтэй байна.

                                                                                                                                 Ц.Жаргал

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.