Нөөцийн мах бэлтгэх компаниудын нэрс тодорлоо

Энэ жил нийслэлд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх бөгөөд Улаанбаатар хотод нөөцийн мах нийлүүлэх компаниуд тодорсон байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт “Дархан мийт”, Орхон аймагт “Эрдмийт” компани шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Харин Улаанбаатар хотод  нийт 12 мянган тонн мах нийлүүлэх компаниудын сонгон шалгаруулалтыг дахин зарласнаар “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” зэрэг компани шалгарсан байна. Эдгээр компани тус бүр 3000 мянган тонн мах багцлан бэлтгэх аж. 

        Түүнчлэн ОХУ-д мах экспортлох хүсэлтэй компаниудыг тус улсын хяналтын байгууллагаас ирж 12 үйлдвэрийг шалгасан бөгөөд “Эрдмийт”, “Преком” хэмээх хоёр компанид зөвшөөрөл олгосон байна. Харин “Мах маркет” болон Дорноговь аймаг дахь “Саян уул” компаниас мах авахаас татгалзжээ. Учир нь эдгээр үйлдвэр шүлхий гарсан бүс нутагт байрлаж байгаа аж. Мөн найман үйлдвэрт өнгөрсөн жил тус улсаас “гэрийн даалгавар” өгсөн байсныг аль нь биелүүлээгүй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх үйлдвэрүүдийн мал нядлах шугамыг Оросууд хүлээн зөвшөөрсөн ч “Үйлдвэрийн дараагийн дамжлага буюу мах шулах ширээ сандал, вакумдаж боох баглаа боодлоо сайжруул” гэдэг шаардлага тавьсан юм байна. 

                                                                                                                                 Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.