Ардчилсан нам намаа төрийн толгой дээр тавьчихсан

МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тэд “Ерөнхий сайдад хариуцлага тооцох зорилгоор тэмцэл өрнүүлсэн бидний ажил үр дүнгээ өгсөн. Хариуцлагагүй ажилласан Засгийн газрыг буулгалаа. Ардчилсан нам намаа төрийн толгой дээр тавьчихсан. Харин намын толгой дээр нь хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол явж байдаг” гэсэн юм. Тус хороо энэ сарын 17-нд бага хурлаа 99 гишүүнтэйгээр хуралдуулахаар болсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханаас дараах тодруулгыг авлаа.

-АН-аас Р.Амаржаргалыг ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна. Үүнд МАН-ын шинэчлэлийн хороо ямар байр суурьтай байгаа вэ?

-Дараагийн ерөнхий сайдын асуудал хуулийн хүрээнд явагдах ёстой. Шинээр томилогдох ерөнхий сайд нээлттэй, ил тод ажиллах шаардлагатай байна.  Өмнө нь төсөв хүртэл хаалттай байсан. Мөн маш богино хугацаанд улсын эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргааг сайжруулах сайд хэрэгтэй. УИХ-д АН олонх байгаа учраас уг асуудлыг тэд өөрсдөө шийдэх ёстой. Хэнийгээ сонгох нь АН-ын бүлгийн асуудал. 

-Шинэчлэлийн хорооны бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал болон улс төрийн намуудад хариуцлага тооцох, шинэчлэл хийх талаар ярина. Мөн их хурлаа хэзээ хуралдуулахаа баталж, ажлын хэсгээ байгуулах зорилготой.  Төсвийн тухай хуулиар тухайн оныхоо 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх жилийнхээ төсвийг баталсан байх хуулийн заалттай байдаг. Үүнийг дагаад орон нутгийн төсөв батлагдах ёстой. Гэтэл манай улсын ирэх оны төсөв батлагдаагүй хууль зөрчсөн байгаа. Энэ байдлаараа төсөв батлагдахгүй бол бид 17-нд болох бага хурлаараа төсвийн талаар ярилцаж, улс төрийн дараагийн шийдэлдээ тусгана. 

-Н.Алтанхуяг сайдыг огцруулахад МАН-ын шинэчлэлийн хороо ямар ажил хийсэн юм бэ?

-Бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж, гарын үсэг цуглуулсан юм. Тэгэхэд 11 мянга гурван зуун хүн Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэж гарын үсгээ зурсан. Тиймээс үүний дагуу УИХ дахь манай намын бүлэг хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь дэмжигдэж, үр дүнгээ өгсөн. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.134)
    Ардчилсан нам намаа төрийн толгой дээр тавьчихсан.гэж яаж хэлж чадаж баина вэ ... өнгөрсөн түүхиин бүх хугацаанд Монгол Ардын нам ямагт төриин дээр баисан шүү дээ... түүхээ саин унш... бүү март... бусдыг муулахаас өмнө өөрсдиигөөө хар....
    2014 оны 11 сарын 14 | Хариулах