
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы эхэнд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан. Ер нь энэ жилийн төсвийн урсгал зардлыг танаж, зайлшгүй хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрийн санхүүжилтыг олгохоор тусгаад байгаа юм. Сангийн яамны дэд сайд С.Пүрэв “Төсвийн нийт хасагдсан зардал 129.2 тэрбум байгаа” гэдгийг энэ үеэр хэлж байв. Ингээд төсвийг хамгийн их танасан дараах зарчмын зөрүүтэй саналуудыг танилцуулъя.
1. Эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30%, бусад салбарынхыг 100% танав.
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Үндэсний аудитын газрын зөвлөмжийг үндэслэн саналын томьёоллын хавсралт 1-д тусгагдсан нийт 602.130.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 301.529.1 сая төгрөгийн 2015 онд санхүүжих дүнтэй, 167 төсөл, арга хэмжээг Эрүүл мэнд, Боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30 хувиар бууруулах, бусад салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг "0"-лэх зарчмыг баримтлан төслийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах)
2. МҮОНРТ-д олгодог татаасыг 50% таналаа
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Улсын төсвөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд олгох
санхүүгийн дэмжлэгт зориулсан урсгал зардлыг 3,758.9 сая төгрөгөөр бууруулах)
3. Засгийн газрын зарим тусгай сангуудын хөрөнгийг 50% хасна.
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Засгийн газрын зарим тусгай сангууд Аялал жуулчлалын сан, Соёл, урлаг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан, Сургалтын төрийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Байгаль хамгаалах сан, Цэвэр агаар сан, Олон улсын хамтын ажиллагааны сангуудын улсын төсвөөс санхүүжих зардлыг нийт 34.847.8 сая төгрөгөөр, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зардлыг 50 хувиар буюу 1.450.0 сая төгрөгөөр нийт 36.297.8 сая төгрөгөөр бууруулах)
4. Төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэгт хөрөнгө тусгахгүй болов
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Төрийн албан хаагчийн орон сууцны дэмжлэгт зориулж төсвеөс хөрөнгө зарцуулахыг тэвчиж, улсын төсвөөс урсгал зардлыг нийт 1.601.3 сая төгрөгөөр бууруулах)
5. Зочин хүлээн авах зардлыг 20% хасна.
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Төсвийн ерөнхийлөн захирагчдын зочин, төлеөлөгч хүлээн авах зардал, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас бусад төсөвт байгууллагын бага үнэтэй, түргэн элэгдэх эд зүйлс худалдан авах зардал, хөдөлмөр хамгааллын зардал, урсгал засварын зардал, бичиг хэрэг, шуудан холбоо, интернет, ном хэвлэл худалдан авах зардлыг тус тус 20.0 хувиар бууруулах)
6. Эмнэлэг сургууль цэцэрлэгээс бусад байгууллагын хоолны зардлыг 10% хасна.
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Эмнэлгийн тусламж үйлчилгээ, асрамж, халамжийн үйлчилгээ, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас бусад бүх шатны төсөвт байгууллагын хоолны зардлыг 10.0 хувиар бууруулах)
7. Эрүүл мэнд, арми, хил, онцгойгоос бусад төсөвт байгууллагын шатахууны зардлыг 30% хасна.
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Эмнэлгийн тусламж үйлчилгээ, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдлын салбараас бусад салбарын төсөвт байгууллагуудын тээвэр, шатахууны зардпыг 30.0 хувиар бууруулах)
8. 2012 оноос хойш байгуулагдсан төсөвт байгууллагуудын орон тоог анх байгуулагдсан түвшинд хүргэж 540 орон тоо цомхотгохоор болов.
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Бүх шатны төсөвт байгууллагаас дараах зарчмыг баримтлан нийт 540 орон тоог цомхотгож, урсгал зардлыг 4.010.1 сая төгрөгеөр бууруулах:
1/2012 он болон түүнээс хойш байгуулагдсан төсөвт байгууллагын нэмэгдсэн орон тоог анх байгуулсан үеийн түвшинд бууруулах, мөн хугацаанд байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний төв, Амьтан, ургамал хамгаалах үндэсний хорооны ажлын алба, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт, Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг холбогдох байгууллагуудад шилжүүлэхээр тооцож, орон тоо, урсгал зардлыг бууруулах)
9. Төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог танаж 345 хүнээр цомхотгоно
(Дэмжигдсэн санал дэлгэрэнгүй: Төсөвт байгууллагын дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоог дараах зарчмыг баримтлан 345 хүнээр цомхотгож, урсгал зардлыг 2.960.4 сая тегрөгөөр бууруулах. Үүнд:
1/аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, орон тооны зөвлөхгүй байх;
2/Засгийн газрын агентлагийн дарга нэг дэд, эсхүл орлогч даргатай, орон тооны зевлөхгүй байх;
3/хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд төсвөөс санхүүждэг бүх шатны төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд, орлогч дарга болон орон тооны зөвлөхгүй байх)
Ийнхүү дээрх саналууд дэмжигдэж Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж Төсвийн байгууллагын орон тоог бууруулж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн төсөвт байгууллагаас төлөх шимтгэлийн орлогыг 1.146.7 сая төгрөгөөр бууруулав. Ийнхүү гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл (2)