Нийслэлийн ЗДТГ, Монголын Балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж буй “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар шинэчлэн ДБЭТ-т ирэх сарын 24-28-ны өдрийн хооронд тоглох гэж байгаа ажээ. Энэхүү бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд энэ жил өмнөх жилүүдээс илүү шинэчилж, АНУ-ын Бостон хотоос техник технологи, тайз, хувцас зэргийг худалдан авсан байна. “Цөмөөхэй балет”-ад бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8-12 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах гэнэ. Энэхүү жүжигт оролцох сонирхолтой хүүхдүүд Монголын Балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн УДБЭТ-ын касс болон жижүүрт энэ сарын 19 ны дотор биечлэн аваачиж өгөх юм байна. Шалгаруулалт энэ сарын 22, 23-ны 10.00 цагт Хөгжим бүжгийн коллежид болох аж. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн коллежийн балетын анги болон Бүжгийн их сургууль, ДБЭТ, ОХУ, Япон гэх мэт орны мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн симфони найрал хөгжимтэй бүжгэн жүжгийг тоглох юм байна.
Н.Дөлгөөн