Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр ШШГЕГ-ын даргатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Уг төслөөс шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхжуулах олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа аж. Тэдгээрээс шийдвэр гүйцэтгэгчдийг сургагч багшаар бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хуулийн ахлах зөвлөхөөр ахлуулан тус газрын 10 албан хаагч суралцсан байна. Тэд энэ сарын 03-08-ний өдрүүдэд БНСУ-ын Шийдвэр гүйцэтгэх байгууллагатай танилцаж, дадлагажих сургалтаар БНСУ-ын Дээд шүүх, дүүргийн шүүхүүдтэй танилцаж, тус улсын шийдвэр гүйцэтгэх тогтолцоо, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах онцлог, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд туслах ажиллагаа зэрэг сэдэвт сургалтад хамрагдаж туршлага судалсан байна.
М.Бат