Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, КТМС-ийн зүүн талд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас “Ариун-Очир” компанийн туслах ажилчин О.Б өчигдөр унаж нас баржээ. Тэрбээр иргэн С.Даваасүрэнгийн захиалгаар барьж байгаа 13 давхар, 78 айлын орон сууцны барилгын тагтны хашлага суурилуулж байсан аж. Ингэхдээ хамгаалах бүс хэрэглээгүй байснаас унаж амиа алдсан байна. Одоогоор энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхлжээ. Түүнчлэн Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж байгаа таван давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Одоогоор хохирогчийн бие хүнд байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Тухайн аж ахуйн нэгж нь ган татлагатай дүүжинт өргүүрийнхээ өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тиймээс шаардлагыг хангах хүртэл улсын байцаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Өнгөрсөн долоодугаар сард тус аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Цагаан хөшөө трейд” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шалгалт хийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байжээ. Мөн дөрөвдүгээр сард барилгын салбарын удирдах ажилтан, ажилчдыг хоёр өдрийн сургалтад хамруулж, барилгын өндрийн ажил, өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагын талаар танилцуулан, аюулгүй ажиллагааны заавар, журам, гарын авлагаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байсан аж. Гэвч тус компани зөвлөмжийн дагуу аюулгүй ажиллагаанд хяналт тавиагүйгээм ийнхүү нэг хүн эрүүл мэндээрээ хохирлоо.
М.Бат