Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Монголын сайтуудын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Монголын сонинуудын холбоо, Радио телевизийн академи зэрэг байгууллага сэтгүүлчдийн шинэ жилийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан тэмдэглэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан нар хийлээ. Тодруулбал, сэтгүүлчдийн шинэ жилийг улстөрийн хүчин, бизнесийнхэнээс хараат бусаар тэмдэглэх төдийгүй урлаг соёлынхныг ч урихгүй юм байна. Харин сэтгүүлчид өөрсдөө дуулах, бүжиглэх, мэндчилгээ дэвшүүлэх эрх нээлттэй байх бөгөөд мөн янз бүрийн шагнал урамшуулалыг хавтгайруулж өгдөгөө болих гэнэ. Гэхдээ албан байгууллагууд шагнал гардуулах ёслолоо тусдаа тэмдэглэж болох аж. Энэ талаар МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлзүйн салбарт олон төрийн бус байгууллага байгаа. Шинэ жил тэмдэглэх бол эдгээрийг нэгтгэж байгаа чухал алхам юм. Энэхүү баяртаа 1000 сэтгүүлчийг хамруулан зохион байгуулна. Харин шинэ жилийн тасалбараас цугласан мөнгөөр хуримтлал үүсгэж сэтгүүлчдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулна. Өнөөдрөөс чөлөөт хуудас нээж сэтгүүлчдээс санал авна” гэсэн юм. Түүнчлэн сэтгүүлч, мэвлэл мэдээллийн ажилчдад урилга өгөхгүй бөгөөд бүгд адил тэгш эрхээр таксаа аваад оролцох юм байна. Сэтгүүлчдийн нэгдсэн шинэ жил ирэх сарын 24-нд “Мишээл экспо” төвд болох аж. Энэ жил Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулалтын ажилыг хариуцахаар болжээ.
М.Бат