Б.Болдбаатар: Тоглолтынхоо үеэр нэг азтай үзэгчийг шалгаруулж Хөвсгөл далайд амруулна

Монголын чөлөөт зохиолчдын холбоо /МҮЧЗХ/-ны гишүүн, МУСТА, яруу найрагч Б.Болдбаатар “Онгод хөглөсөн хийморь” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 18-ны 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Түүнтэй тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.


-Уран бүтээлийн цэнгүүнд чинь ямар ямар уран бүтээлч оролцох вэ?

-Энэ цэнгүүнээ яруу найрагч Б.Болдбаатар гэж ямар хүн, ямар уран бүтээл хийгээд байдгийг олонд таниулах зорилгоор хийж байгаа юм. Бичсэн шүлгүүдээс маань олон нь дуу болж FM, радиогоор яваад л байдаг ч намайг хүн танихгүй шүү дээ. Тийм учраас өөрийн уран бүтээлийн цэнгүүнээ хийх нь зөв болов уу гэж бодлоо. Харин цэнгүүнд маань АЖ Ч.Мөнхшүр, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ж.Одмаа, Н.Төмөрхуяг, Д.Батсүх, Б.Дариймаа тэргүүтэй 20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөнө.

-Эдгээр дуучид бүгд таны шүлгээр бүтсэн дуунуудыг дуулах уу?

-Тэгэлгүй яахав, эдгээр дуучид миний 20 гаруй дууг дуулна.

-Та ямар сургууль төгссөн бэ. Хэзээнээс эхэлж шүлэг бичив?

-Би цэргийн сургууль төгссөн. Шууд харахад урлагаас хол л доо. Гэхдээ миний хувьд хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байсан. Сүүлд АУЗ П.Бадарч багшдаа хадаг барьж шавь орсон юм. Одоо МҮЧЗХ-нд харьяалагдаж байна.

-Яруу найрийн ном болон дууны түүвэр CD-гээ хэвлүүлсэн үү?

-2004 онд “Далай ээж” шүлгийн анхны түүврээ хэвлүүлсэн. Одоохондоо дараагийн номоо бүтээж амжаагүй л байна. Энэ номд маань дууны болон зүгээр шүлгүүд багтсан. Одоо харин тоглолтынхоо дараа дууны CD гаргах бодлолтой байгаа. Ер нь тоглолтоо хийснийхээ дараа энэ ажилд шууд орно доо.

-Олны хүртээл болсон дуунуудаасаа заримыг нь нэрлэвэл?

-Өлзийдэлгэрийн аялгуу “Хүрэн торгон дээл” гэж нэг дууг маань МУСТА Д.Бурмаа дуулсан. Мөн АЖ Ч.Мөнхшүр эгчийн дуулсан “Далай ээж”, залуу дуучин Т.Лхагважаргалын дуулсан “Сайхан ээж минь” гэх мэт нэлээд хэдэн дууг маань сонсогчид мэдэх байх.

-Хадаг барьсан номын багш чинь хүрэлцэн ирж шүлгээ унших уу?

-П.Бадарч багш маань оролцоно. Ер нь миний тоглолтод дуучдаас гадна СГЗ Дан.Нямаа, “Болор цом”-ын дэд байрын шагналт яруу найрагч Б.Мягмаржав, М.Билигсайхан нар оролцоно. Тоглолтын маань продюссероор СТА дуучин Б.Энхбаяр ажиллаж байгаа.

-Тоглотын тасалбарыг хаанаас авч болох вэ?

-Гадуур л голдуу борлуулж байгаа. Гэхдээ үзэхийг хүссэн хүн Бөхийн өргөөнөөс очоод худалдан авч авч болно. Энэ дашрамд тоглолтыг маань ивээн тэтгэж, олны хүртээл болгоход тусалж буй “Бугат тэнгэр говь”, “Хөвсгөл трэвел”, “Сутайн буянт” зэрэг компанийнхан болон Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийнхөндөө талархал илэрхийлье.

-Азтай үзэгч шалгаруулна гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулвал?

-Үзэгчдийн дундаас нэг азтай үзэгчийг шалгаруулаад Хөвсгөл далайд долоо хоног амрах эрхийн бичгээр шагнана. 

                                                                                                                                       М.Болд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.