Д.Сүхгэрэл: Хүний эрхийг дур зоргоороо зөрчиж байна

“Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэлтэй уул уурхай, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар ярилцлаа.


- Уул уурхайн салбарыг тойрсон хүний эрхийн зөрчил хөндөгдөж байна. Чухам юунаас болж энэ салбарт хүний эрх зөрчигдөж байгаа вэ?

- Байгаль орчинд уурхай сөрөг нөлөөтэй. Уурхайн олборлодог эрдэс баялаг их хэмжээний хүнд металл агуулдаг. Энэ нь хөрсөөр дамжиж нэвчин ус, агаарт шингэдэг. Ингэснээр хүн, мал амьтны уух ус, амьсгалах агаарт нөлөөлдөг юм. Үүнээс гадна уул уурхай асар их хэмжээний бэлчээрийг хашиж үйл ажиллагаа явуулж байна. Малчин хүн бэлчээргүй бол амжиргаагүй. Мөн уурхайн бүс нутгийн мал, малын гаралтай бүтээгдэхүүний чанар муудаж байна. Малчид ноос, ноолуураа борлуулах гээд авчаад очихоор “Уул уурхайн бүсийнх байна” гээд бага үнэхээр авдаг. Үүнээс шалтгаалж малчдын амжиргаа доройтож, иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа. Гэтэл энэ бүхний үнэлгээ хийгдэхгүй байна. Одоо эрүүл мэндийн үнэлгээний аргачлал, журам зэрэг нь боловсрогдож, туршилтын шатанд явж байгаа. Мөн нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ёстой. Хууль нь хэдийнэ батлагдсан ч  аргачлал журам нь боловсрогдож эхлээгүй. Хүний эрхийн эрсдэлийг үнэлэх ёстой. Энэ ажил бас хийгдээгүй. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг томоохон уурхайг дагасан сөрөг нөлөөллийг гаргаж ирдэг. Ийм ажлууд хийгдэхгүй байгаагаас хүний эрх зөрчигдөж байна.

- НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлөөс Засгийн газарт өгч буй зөвлөмжүүд хүний эрхийн зөрчилд яагаад нөлөөлөхгүй байна вэ?

- Хүний эрхийн зөрчил дордох тал руу орж байна. Байгаль орчноо хамгаалж буй иргэнийг шоронд барьж хийдэг, Монгол Улсад байгаль орчны талаар судалгаа хийх гэж ирсэн гадны томоохон эрдэмтнийг ямар ч шалтгаангүй, өөрт нь мэдэгдэлгүй хар тамга дараад буцаж ирэх эрхийг нь зөрчиж байх жишээтэй. Үүнийг дур зорго гэж нэрлэдэг. НҮБ-ын томъёонд хүний эрхийг дур зоргоор зөрчих гэж бий. Дур зоргоороо хүний эрхийг зөрчиж байна. Одоо бүр эрхээ хамгаалах гэсэн малчид, багын Засаг дарга, иргэдийг шүүхэд татдаг боллоо. Үүнийг зогсоохын тулд Засгийн газар эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй. НҮБ-аас олон удаа “Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин бий болгооч” гэсэн зөвлөмж ирсэн. Гэвч хэрэгжээгүй.

- Та бүхэн гаргаж буй санал зөвлөмжийг хэрэгжүүлж, та бүхнийг дэмжиж ажилладаг байгууллага хэр олон байдаг вэ?

-“Эрх зүйн орчин доройтож, шинэ хууль батлахдаа өмнөх хуулиа үгүйсгэж, сулруулж, зүйл заалттай нь мөргөлдүүлдэг. Ийм эрх зүйн орчин үүсч байгаа учраас байгаль орчныг хамгаалах боломж бага байна” гэж бид үзсэн. Яам, тамгын газарт хандахаар энэ асуудлыг шийдэх чадавхигүй. Учир нь Засгийн газар, эрх баригчид “Уурхайг дэмжинэ, дэд бүтцийг шийднэ” гээд тодорхойлчихдог. Тиймээс яам, тамгын газар нь Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа л боддог. 

                                                                                                          Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.