Тамхи, согтууруулах ундааг устгасан байна

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, II хэлтэсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр XIX хороо “Жаргалант” ХХК-ийн “We”, XI хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Аврага чоно” ХХК-ийн “Ozone” зэрэг шөнийн цэнгээний газар, мөн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити шоп” ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь тогтоогдсон байна. Тиймээс хууль бусаар олсон орлого болох 212 мянган төгрөгийг бэлнээр хураан авч, 544 пиво, 108 шил архи, дөрвөн нэр төрлийн 255 хайрцаг тамхийг тус тус хураан  улсын орлого болгожээ. Эдгээр тамхи, согтууруулах ундаанаас хугацаа нь дууссан зөрчил илэрсэн заримыг нь дүүргийн Захиргааны зөвлөлийн гишүүд устгасан байна. Улмаар Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, захиргааны  зөрчил удаа дараа гаргадаг байгууллагуудад анхааруулга өгчээ.

  

                                                                                                                                                                                               М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.