Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч наймдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү шийдвэр нь түүнийг амралттай байх хугацаанд буюу эзгүй хойгуур гарсан учраас хууль бус хэмээн үзэж Засгийн газрын наймдугаар сарын 14-ний 258, мөн сарын 28-ны 269 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Тэгвэл өчигдөр болсон шүүх хуралдаанаар Б.Билэгтэд холбогдох хэргийг хэлэлцэж Засгийн газрын дээрх тогтоолуудыг хүчингүй болгон үүрэгт ажилд нь эргүүлэн томилох тухай шийдвэрийг гаргасан байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болох гурван сая 817 мянган төгрөгийг Засгийн газраас нөхөн олгуулахаар болжээ. Харин Засгийн газарт өөр ямар нэг хариуцлага тооцохгүй гэдгийг шүүхээс мэдээлсэн юм. Хэрэв шүүхийн шийдвэрийг Засгийн газраас эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм байна.
М.Бат