”Монгол Улсад хүний эрхийн асуудал дордож байна” гэж дүгнэв

Хүний эрхийн ТББ-уудын Форумын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл /ХЭЗ/-ийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит 22 дугаар хуралдаанд хүргэсэн “Уул уурхай- байгаль орчин- хүний эрх” илтгэлийг өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсад хүний эрхийн асуудал дордож эхлэснийг онцлов. “Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл илтгэлийг тавьсан юм. Илтгэлд өнөөгийн Монгол Улсын уул уурхай, байгаль орчинд тулгамдаж буй асуудал, түүнийг тойрсон хүний эрхийн гажуудал, зөрчлийг нэлээд нарийн судалж асуудлыг төр, засгийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар хэд, хэдэн зөвлөмжийг тусгасан байна. Илтгэлд дурдагдсанаар Монгол Улсад анхаарал татах хэмжээнд хүрч буй хүний эрхийн зөрчил нь уул уурхай, байгаль орчин, уул уурхайн бизнесийнхэн болон тус бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэдийн хооронд уялдсан төрийн бодлого, хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас үүдэлтэй гэв. НҮБ-ийн ХЭЗ нь тухайн улс орнуудаас ирсэн илтгэлийг хянаж, тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг судалсны үндсэн дээр Засгийн газарт нь зөвлөмж хүргүүлдэг байна. Манай улсын Засгийн газарт мөн зөвлөмж ирүүлсэн бөгөөд түүний хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байна. Мөн НҮБ-ын ХЭЗ-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөнд багтаагүй хэд хэдэн асуудлыг хөндөж тавьжээ. Тухайлбал, нүүдэлчин хүн амын уламжлалт бэлчээр ба усны нөөцийг хамгаалах, хохирлыг нөхөн төлөх эрх зүйн орчин байхгүй, хөгжлийн төслүүдийн нөлөөгөөр Үндсэн хуулиар баталгаажсан газар эзэмших эрх ноцтой зөрчигдөх болсон. Түүнчлэн  уул уурхай болон бусад салбаруудад хүний эрхийг хүндэтгэх, хариуцлага тооцох тогтолцоо бүрдээгүй, байгаль орчноо хамгаалах, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх зөвлөмжийг үл ойшоож харин ч шийтгэх, айлган сүрдүүлэх, залхаан цээрлүүлэх ажиллагаа нэмэгдэж байгааг тусгасан байна. Харин тулгамдаж буй асуудлын хувьд байгаль орчин, хүний эрхийг хамгаадагчид шүүхээр шийтгүүлж, хорих ял авах, албадан зайлуулагдах, нэр хүндийг нь гутаан доромжлор зэрэг төрийн үйлдэлд өртөж байгаа нь УИХ, Засгийн газар, улстөрийн намын удирлагууд НҮБ-ын ХЭЗ-ийн Бизнес ба Хүний эрхийн ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, удирдамжийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой аж. Нөгөөтэйгүүр төр, засаг хүний эрхийг хамгаалах эрх зүйн ба практик орчныг бүрдүүлэх, хүндэтгэх үүргийг шүүх, хууль зэрэг хэрэгжүүлэх салбарт бус бизнест хариуцуулсан нь хүний эрхийн асуудал ийнхүү яригдах нэг шалтгаан болж байгаа юм. Харин “Урт нэр”-тэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн журмыг өөрчилж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хүн байгалийн тэнцвэр алдагдах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, уух устай байх, нүүдэлчин уламжлалаа хадгалах эрхийг тус тус зөрчиж байна гэж үзжээ. Үүнээс дүгнэвэл төр, засаг нь гаргасан хуулиа хүний эрхийн эсрэг болгон өөрчилж байгаа нь цаашид хүний эрх зөрчигдөхгүй гэх баталгааг бүрэн олгож чадахгүй байдалд хүргэж байна.

                                                                                                                          Ц.Жаргал

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.