УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийн төслийг хоёр өдөр дараалан хэлэлцээд ямар шийдэлд хүрсэн талаараа бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг хэдийгээр Ерөнхий сайд, Сангийн сайдгүй ч төсвийн төсөл УИХ-ын мэдэлд ирсэн учраас хариуцлагатай хандаж, хуулийн хугацаанд нь батлах ёстой гэж үзэж байгаа ажээ. Тус бүлгээс байгуулагдсан Төсвийн ажлын хэсэг Сангийн яам болон Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтарч хэд хэдэн удаа хуралдсаны эцэст төсвийн урсгал зардлыг бууруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт дүнгээрээ 250 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардлыг бууруулснаар цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, царцаагдсан хөрөнгө оруулалтыг урагш нь явуулах боломжтой гэж үзжээ. Тухайлбал, эмнэлэг, цагдаа, онцгой байдлаас бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв дэх шатахууны зардлыг 30 хувиар бууруулахад таван тэрбум 880 сая төгрөгийн хэмнэлт гарах юм байна. Мөн гадаад томилолтын зардлыг бууруулбал 2.9, дотоод томилолтын зардлыг 2012 оны төвшинд хүргэвэл долоо, бараа үйлчилгээний зардлыг 20 хувиар бууруулахад 14, Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийг танавал 50.3 тэрбум гэх мэт олон зардлыг хэмнэх тооцоо гаргаснаа бүлгийн дэд дарга Д.Оюунхорол танилцууллаа. Мөн бүх төвшиндөө орон тоогоо нэмсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын орон тоо, зардлыг 2012 оны төвшинд хүргэснээр дөрвөн тэрбум төгрөг, "Цэвэр агаар" сангийн 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг танаж 15 тэрбум болгохоор МАН-ын бүлэг тооцсон аж. Түүнчлэн аймаг, дүүрэг бүхэн Засаг даргын нэг орлогч, агентлаг бүр нэг дэд даргатай байснаар зардал хэмнэгдэх боломжтой гэж үзэв. 601 орон тоотой Тахарын албыг чиг үүргийн хувьд давхардал ихтэй байгаа гэж гишүүд шүүмжилж байгаа учраас энэ асуудлыг судлах, хуульд нь өөрчлөлт оруулах, төсвийг нь 0 дүнтэй тавих, Хилийн боомтын захиргааг цомхотгох зэрэг санал гарсан байна.
Ч.Хүрэлбаатар: Ирэх он бол амаргүй жил байх төлөвтэй учраас
бүсээ чангалсан төсөв батлах ёстой
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн орлого жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээ байгуулж ажил хийсэн компаниуд улсын төсвөөс мөнгөө авч чадахаа байсан. Улмаар банкинд өр зээлтэй болсон. Ийм төсөвтэй Монгол Улс хоёр жил явлаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр төсөв дээр тавьдаг тоо худлаа байсан гэсэн үг. Нэг ам.долларыг 1384 төгрөг буюу бодит байдлаас 500 төгрөгөөр доогуур тооцсон нь өнөөдрийг хүртэл төсөв дээр хүчинтэй хэвээр байгаа. Тиймээс бид тоо болгоныг бодит байдалд нийцүүлэх шаардлага тавьж байгаа. Төсвийн бодлогоо зөв болговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой гэж үзсэн. Ийм учраас бүлэг дээр дэд сайд Пүрэвээр ахлуулсан Сангийн яамны ажлын хэсгийг хэдэнтээ дуудаж уулзаж, ярилцсан. Ирэх он бол амаргүй жил байх төлөвтэй учраас бүсээ чангалсан төсөв батлах ёстой. Гэхдээ хөрөнгө оруулалтын ажлуудыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Мөнгөний бодлоготой уялдуулахын тулд гадаад валютын эрэлтийг шууд бий болгодог гадаадаас тоног төхөөрөмж авдаг зардлыг танах боломжтой. Валютын нөөц хомсдож байгаа энэ үед төсвөөс гарсан зардал нь долларын нэмэлт эрэлтийг бий болгохгүй байх нь зүйтэй. Тэвчиж болох зардлыг танахаас өөр аргагүй. Эдийн засгийн байдал хүнд байгаа үед ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалж байгаа. Харин төр бүсээ чангалах цаг болсон. Уг нь жил хагасын өмнөөс бүсээ чангалах ёстой байсан. Маргааш Төсвийн байнгын хороон дээр бид саналуудаа тавина, дэмжинэ байх гэж найдаж байна.
М.Өлзий
Сэтгэгдэл (1)