Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар болж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Уг цогцолбор нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх бөгөөд нийслэл дахь авто машин, техник болон тэдгээрийн дагалдах хэрэгслийг худалдаалдаг есөн томоохон зах, 34 цэгийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм. Энэхүү цогцолбор нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14 мянган авто машины зогсоолтой байх ажээ. Эхний ээлжид дөрвөн блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай явж байгаа юм байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Уг цогцолборын ажлыг “Тэгшт плант”, “Эко тогтол”, “Анандын зам”, “Бат кубик” гэсэн дөрвөн компани гүйцэтгэж буй. Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газрын хэмжээг нэмээд 30 га талбайг ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийхан хэлж байна. Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох гэнэ.
М.Бат